Иргэд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сайн сахиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-02-11 16:05:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өнөөдрөөс эхлэн хатуу хөл хориог хэрэгжүүлэхээр төрийн албаны 15 мянган алба хаагч үүрэг гүйцэтгэж эргүүл хийж байна. Тэд гэр хороолын гудамж, орон сууцны байр, нийтийн эзэмшлийн талбайд иргэдэд шаардлага тавин ажиллаж байна. Тэдгээрийн нэг Э.Мөнхцэцэг, Г.Доржбал нараас зарим зүйлийг тодруулав. 


-Та бүхний үүрэг юу вэ?

-Иргэд, оршин суугчдын хөдөлгөөнийг хянаж, хамаагүй явуулж зорчуулахгүй байх үүрэг хүлээж байгаа. Иргэд зөвхөн ойрын хүнсний дэлгүүр орох, шаардлагатай тохиолдолд эмийн сан орох, эмнэлгийн байгууллагад хандахаас бусад тохиолдолд явахыг хориглож буй. 


-Тодорхой бичиг баримтгүй, зорилгогүй яваа нөхцөлд хүмүүсийг яах вэ? Ер нь та нарт ажиллах ямар заавар өгсөн бэ?

-Бид иргэдийг шалгаж, зорилгогүй явж буй болон зөрчилтэй иргэдийг цагдаад мэдэгдэх үүрэгтэй. Бидэнд цагдаагийн байгууллагын утасны дугаарыг өгсөн.


-Хэдэн цагаар ажиллаж байна? 

-8 цагаар ажиллах үүрэгтэй. Одоо ээлж солигдоно. 


-Ямар хүндрэл гарч байна? 

-Иргэд онцгой нөхцөлд шаардлагыг сайн биелүүлж, халдвар хамгааллын дэглэмийг нарийн барьж байна. Миний хувьд (Г.Доржбал) гэр хол байдаг учир өглөө ирэхэд автобус хүлээх, зарим автобус суулгахгүй байх зэргээр нийтийн тээврээр зорчиход хүндрэлтэй байна.

Тэрээр өдөр хооллох, бие засах нөхцөл байдлаар хангах нарийвчилсан хуваарь гаргахыг НОК-т уламжилж өгөхийг хүссэн юм. 




Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ