Беларусийн Бүх ард түмний хурлыг угтан аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-02-10 19:27:14

МИНСК. /BelTA/. Беларусийн Бүх ард түмний хурал маргааш эхлэх гэж буйтай холбогдуулан олон иргэн нийслэл хотод ирэх төлөвтэй байгаа тул цагдаагийн ажилтнууд олон нийтийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлж байна гэж тус улсын Дотоод хэргийн яам “BelTA” агентлагт мэдээлжээ.


Төлөөлөгчдийн тээврийн хэрэгслээр зорчих чиглэлийг хэдийн гаргаж, автобуснуудыг түр зогсоох газруудыг сонгожээ. Мөн цаг агаарын байдал муудах төлөвтэй байгаа тул энэ сарын 11-12-нд зам тээврийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт тогтоож болзошгүй тул холбогдох мэдээллийг цаг тухай бүрт нь авч байхыг иргэд, жуулчдаас хүснэ гэж яамнаас мэдээлсэн байна.


Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Минск хотод энэ долоо хоногт цас их орох төлөвтэй байгаа ажээ. Иймээс цас цэвэрлэж буй чиглэлүүдэд түр хугацаанд зам тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан талаар жолооч, явган зорчигч нар мэдэж байх шаардлагатай юм. Мөн цас их орсноор зам тээврийн осол, түгжрэл үүсэж болзошгүй тул хувийн автомашинаар аль болох зорчихгүй байхыг жолооч нараас хүсэхээр төлөвлөжээ.


“Эдгээр өдрүүдэд цагдаагийн ажилтнуудын гүйцэтгэх гол үүрэг бол аливаа хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, ёс зүй, үүрэг хариуцлагын талаар тайлбарлах явдал юм. Үүний зэрэгцээ хууль сахиулагчид нийгэм, улс төрийн чухал үйл явдлын эсрэг зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан хийхийг хориглоно. Хууль тогтоомж, дэг журмыг хэрэгжүүлж, хууль бус үйлдлийг таслан зогсоож, тухай бүрт нь хуулийн үнэлгээ өгнө. Мөн цагдаа нар иргэдээс бие биенээ хүндэтгэхийг хүсэж, дэг журам юун түрүүнд өөрсдөөс нь хамаарна гэдгийг сануулна” гэж яамны мэдэгдэлд дурджээ. 

Холбоотой мэдээ