Шилдэг, тэргүүний байгууллагуудыг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-10 15:06:57

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд ахиц дэвшил гаргаж, 2020 оны ажлаараа манлайлсан шилдэг гурван байгууллагыг шалгаруулж, өнөөдөр шагнаж урамшуулав.

Ховд аймгийн ЗДТГ-аас “Албан байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөн туслах” чиг үүрэг бүхий гурван ажлын баг байгуулсан.

Тус ажлын багийнхан өнгөрсөн нэгдүгээр сард байгууллагуудын 2020 оны үйл ажиллагаа, төрийн албаны шинэтгэл, ёс зүй, сахилга хариуцлага болон УИХ, Засгийн газар, аймгаас гарсан шийдвэр, бодлогын баримт бичиг, эрх зүйн актын хэрэгжилт, хөгжлийн хөтөлбөр, гэрээний үүрэг, гүйцэтгэлийн төлөвлөгөө, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зохих журмын дагуу үр дүнг тооцжээ.

Улмаар 40 орчим байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг нэгтгэж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажилласан байна.

Энэхүү ажлын үр дүнд байгууллагуудын тэргүүний арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хат олныг дэмжин хөгжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор шилдэг, тэргүүний байгууллагыг ийнхүү шалгаруулж, шагнав.   

Энэ удаа Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 2020 онд хэрэгжүүлсэн ажлаараа тэргүүллээ.

Харин Л.Билэгдэмбэрэл даргатай Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хамт олон дэд байрт, Д.Батцэнгэл даргатай Мал эмнэлгийн газрын хамт олон гуравдугаар байрт тус тус шалгарчээ.

Шилдэг, тэргүүний байгууллагуудын шагналыг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайхан болон албаны бусад хүмүүс гардуулан өгч, баяр хүргэсэн юм.  

Холбоотой мэдээ