Х.Рэнцэндорж: Хийсэн зүйлээрээ дамжуулж, нутаг орныхоо нэрийг гаргаж яваадаа бахархдаг

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-02-11 11:44:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Малчдад зориулсан отрын зөөврийн сууцаараа олны талархлыг багагүй хүртдэг Х.Рэнцэндорж   “Аймгийн аварга ажилтан”-аар шалгарлаа. Түүнийг шагналаа гардан аваад байх үед нь цөөн хором ярилцлаа.

 

-Таны үйлдвэрлэдэг малчдын зөөврийн сууцыг харсан хүн бүр таашаан сонирхдог. Хэдэн жил энэ ажлыг хийж байна вэ?

-2014 оноос малчдын нэн тэргүүний хэрэгцээнд зориулж, отрын зөөврийн сууц болон байгальд ээлтэй, угсардаг хашаа зэргийг аймагтаа анх үйлдвэрлэсэн. 2014 онд миний ажилладаг байсан хайгуулын компани зөөврийн явуулын кэмптэй байсан юм. Тэрийг хараад “Малчдад маш их хэрэгтэй эд байна” гэж бодоод хувиараа хийж эхэлсэн дээ.

“Сүүнтөгрөг” компанийг байгуулаад жил болж байна. 14 ажилтантай. Төгрөгөөсөө, мөн аймгийн төвөөс нарийн мэргэжлийн гагнуурчид ажиллуулдаг. Нэг саяас 1.8 сая төгрөгийн цалинтай. Ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, давхар урамшуулалд хамруулдаг.  

-Одоогоор хэчнээн сууц үйлдвэрлээд байна вэ? Захиалга их байх уу?

-Хөдөөний малчид гэлтгүй, бизнес, худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс захиалга өгч хийлгэнэ. Одоогоор 130 гаруй айлыг явуулын сууцтай болгож, хоёр мянга гаруй малчин өрхөд угсардаг хашаа нийлүүлсэн. Хийсэн бүтээл маань худалдан авагчдынхаа сэтгэлд хүрдэгт баярлаж явдаг. Зөвхөн Өвөрхангай гэлтгүй, Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Дорноговь гээд худалдан авагчдын хүрээ тэлж байгаа. Миний нэг бахархдаг зүйл гэвэл үйлдвэрлэсэн бүтээлээ аймаг дотроо зарахад “Төгрөгийн” гэсэн нэр гардаг, бусад аймагт зарахад “Өвөрхангайн” гэж хэлэгддэг. Хийсэн зүйлээрээ дамжуулж, нутаг орныхоо нэрийг гаргаж яваадаа бахархаж байдаг юм.

-Сүүлийн үед улам боловсронгүй болгоод байна уу, өвлийн улиралд хэр дулаан бэ?

-30 градусын хүйтэнд даарахгүй, дотор, гаднаа 14 см дулаалгатай. Ирэх намраас богино радиотараар халдаг, нам даралтын зуухтай шийдэх гэж байгаа. Мөн нарны энергиэр халдаг душ, угаалтууртай, зуны улиралд ашиглах боломжтой сууц хийсэн.

-Үнэ ханш нь хэд байдаг вэ? Малчид мал хуйгаар бартер хийх боломж байдаг болов уу?

-14-16 саяар зардаг. Хятадын юанийн ханш өсч, барилгын материалын үнэ нэмэгдсэн. Нөгөө талдаа, мал туранхай, отор нүүдэл ихтэй гээд малчдын маань орлого буурсан. Өөрсдөдөө зориулж сууц худалдан авахаас илүү малдаа л өвс тэжээл авч байна. Тийм болохоор энэ жилийн хувьд борлуулалт тааруу байгаа. Боломжийн бартер таарвал солилцоо хийдэг. Хүмүүс зээл, лизингийн үйлчилгээ сонирхоод байдаг болохоор банктай холбогдож лавласан. Лизингийн үйлчилгээ хөөцөлдөх санаатай байна.

-Зөөврийн хашааныхаа онцлог, давуу талыг танилцуулбал?

-Малчдын цаг завыг хэмнэх, ачаа тээшинд зай бага эзлэх, байгальд ээлтэй байгах үүднээс малын угсардаг хашааг санаачлан хийж эхэлсэн. Миний гаргасан судалгаагаар нүүдэл их хийдэг нэг малчин өрх 40 см гүнтэй, 12 см диамертэй шонгийн нүхийг жилд 180 удаа ухдаг юм билээ. Зөвхөн нэг өрх айлын жишээ шүү дээ. Газар нүх ухах бүрт хөрс гэмтэнэ, үндэс тасарна. Харин зөөврийн, эвхэгддэг хашааг хэрэглэснээр тэр олон нүх ухах эрсдэлийг болиулж чадсан. 15 минутад угсраад барьчихдаг болохоор малчдад ч амар байдаг. Сүүлийн үед өвлийн улиралд зориулсан битүү шахалттай хашаа хийж байгаа.

-Цаашид ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Малчдадаа хэрэгтэй шинэлэг ажлыг сэднэ дээ. Энэ жилийг аймгаас “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласанд их баяртай байгаа. Хөдөө аж ахуйн салбар руу чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжиж, хөгжүүлэх юм бол аймгийн хөгжилд ч нэлээн түлхэц болох байх.

Баярлалаа. Танд амжилт хүсье.

Холбоотой мэдээ