Завханд сүүлийн гурав хоногт голомтот бүсээс 406 иргэн иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-09 22:12:19

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг цагаан сарын баярын өдрүүдээр 10 хоног зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэлээ гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Өнөөдөр аймгийн Шуурхай штабын ээлжит хурал болж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. Тухайлбал 2021 оны 2-р сарын 11-ний өдрийн 23.00 цагаас 2-р сарын 21-ний өдрийн 06.00 цаг хүртэл аймгаас сум, сумаас сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа. Энэхүү шийдвэр аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн А/62 дугаар захирамжийн хүрээнд хэрэгжинэ.

Дээрх захирамжийн хүрээнд аймаг, сумаас орох, гарах цэгүүдэд пост ажиллуулж зорчих зөвшөөрөлтэй иргэдийн бүртгэл хяналтыг чангатгах. Цагаан сарын баяртай холбогдуулан хүнс, барааны худалдааг ил задгай талбайд зохион байгуулахыг хориглосон. Мөн хүнсний чанар аюулгүй байдлыг хангаж архи согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр хэвээр мөрдөгдөж байна. Дээрх хугацаанд хэвийн ажиллах аж ахуйн нэгж байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж үйл ажиллагаагаа явуулах. Шашны байгууллагуудыг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэрүүд хэвээр мөрдөгдөж байгааг тус тус тусгаж холбогдох байгууллагуудад үүрэг болгоод байна” гэв.

Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хяналтыг чангатгана

-“Завхан аймаг Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлыг үе шаттай хэрэгжүүлж өнөөдрөөр татан авах хугацаа дууссан байна.

Улаанбаатар хотоос 2021 оны 02 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Завхан аймагт голомтот бүсээс ирсэн 406 иргэн байна. Эдгээр иргэдийг 14 хоногийн гэрийн тусгаарлалтад байлгах. Тэдэнд хяналт тавих төрийн албан хаагчдыг эргүүл жижүүрээр, хяналтаа чангатган ажиллуулах шийдвэрийг аймгийн Засаг даргын өнөөдрийн захирамжаар даалгасан байна. Мөн цар тахлын үед төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэн, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед дагаж мөрдөх хууль тогтоомжийг сум орон нутгийнхаа хүрээнд хэрэгжүүлж зохицуулалт хийхийг бүх сумын Засаг дарга нарт үүрэг болгоод байна” гэж Шуурхай штабаас мэдээлэв.

Ташрамд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд, тэдний гэр бүлийн гишүүдэд 14 хоногийн гэрийн тусгаарлалтын журмыг мөрдүүлэх зорилгоор эргүүл хяналтын ажилд аймгийн хэмжээнд 460 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа юм. Мөн хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон үед хүнс тээврийн автомашин болон шуудангийн автомашин, хүндэтгэн үзэх шалтгаантай зөвшөөрөлтэй иргэд зорчихдоо аймгийн нутаг дэвсгэрт орж ирэхээсээ өмнө Их-Уул сумын постод түргэвчилсэн оношлуураар заавал шинжилгээ өгч нэвтэрч байгаа юм. 

Холбоотой мэдээ