Шинэ Зеланд Мьянмартай цэрэг, улс төрийн харилцаагаа түр таслав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-02-09 14:52:55

ВЕЛЛИНГТОН. /TASS/. Шинэ Зеландын эрх баригчид Мьянмар улстай цэрэг, улс төрийн бүх харилцаа холбоогоо түр тасалж байгааг тус улсын Гадаад хэргийн сайд Нанаия Махута мэдэгдлээ.


"Мьянмартай өндөр дээд түвшинд тогтоосон улс төрийн болон цэргийн бүх харилцаа холбоог түр тасалж байна. Засгийн газар мөн Мьянмарын цэргийн удирдагчдыг Шинэ Зеландад зорчихыг хориглохоор тохиролцсон бөгөөд энэ шийдвэр ирэх долоо хоногт албан ёсоор батлагдана” гэж Гадаад хэргийн сайдын мэдэгдэлд дурджээ. Түүний мэдэгдлийг Шинэ Зеландын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд нийтэлсэн байна.


Нанаия Махута мөн Мьянмарын цэргийнхний тэргүүлж буй Засгийн газрыг Шинэ Зеланд хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг цохон тэмдэглээд баривчлагдсан улстөрчдийг нэн даруй суллахыг уриалжээ. Түүнчлэн Мьянмарт хэрэгжүүлж буй Шинэ Зеландын тусламжийн хөтөлбөрүүдээс цэргийн засгийн газар оролцож байгаа эсвэл ашиг сонирхлыг нь хэрэгжүүлж буй төслүүдийг хасна гэж мэдэгджээ. 

Холбоотой мэдээ