Х.Рэнцэндорж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-02-08 19:09:11

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн малчин Хандийн Рэнцэндорж  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. 

Тодруулбал, Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төрийн дээд цол гардууллаа.

Х.Рэнцэндорж нь хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн арвин туршлага, мал маллах арга ухааны хосгүй ур чадвар, улс орондоо оруулсан үнэмлэхүй хувь нэмэр, залуу үеийг халамжлан хүмүүжүүлж, хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлж, малч ухаанд сургасан зэрэг амжилт, гавьяа зүтгэлийг нь үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан юм.

Түүний амжилт бүтээлээс дурдвал:

1975 онд: Суурийн бүртгэл тооцооны ажлыг сайжруулан хэвшүүлэх бүх үзүүлэлтийг 100-107 хувиар биелүүлж, малын хорогдол гаргаагүй учир “Бүртгэл тооцооны сумын аварга”

1976 онд: Ашиг шимийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь 100-108%-иар биелүүлж “Сумын үйлдвэрийн даалгаврын аварга”

1977 онд: Нэг хониноос 1312 грамм ноос авч, 100 хувь үргэлжээр тушаасан учир ”Уртын ноос ашиглалтын чанарын аварга"

1978 онд: 518 хониноос 575 хурга бойжуулан үйлдэрийн даалгаврыг 111 хувь биелүүлэн “Хурга бойжуулалтын сумын аварга”

1979 онд: Мал сүргийн хорогдолгүй, үйлдвэрийн даалгаврыг 100 хувиас дээш биелүүлж “Сумын энх сүрэгтэн”

1980 онд: Үйлдвэрийн төлөвлөгөө социалист уралдаанд авсан үүргээ үзүүлэлт бүрээр 100-115 хувиар, 100 эхээс 103 хурга, 107 ишиг бойжуулж “Сумын аварга”

1981 онд: Социалист уралдаанд авсан үүргээ амжилттай биелүүлэн “Аймгийн чанарын аварга”, 650 эм хонь, 150 эм ямаа төллүүлж 100 эхээс 111-117 төл бойжуулан хонь бүрээс 1396-1428 грамм ноос, ямаа бүрээс 375 грамм ноолуур авч 100 хувь 1 дугээр зэрэгт тушаан “Сумын аварга”

1982 онд: “Сумын энх сүрэгтэн “ /бог малын/

Сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтээр “АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА”

1983 онд: 100 эхээс 100-104 хувиар төл бойжуулж, “Сумын бог малын төл бойжууулалтын аварга”

1984 онд: 650 эм хониноос 684 хурга 150 эм ямаа 165 ишиг бойжуулж “Төл бойжуулалтын сумын аварга “

1986 онд: Мал сүргээ онд бүрэн оруулж, суурийн үйлдвэрийн даалгавраа 100-107 хувь биелүүлэн “БНМАУ-ЫН АВАРГА МАЛЧИН” цол, тэмдгээр

1989 онд: Сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтээр “БНМАУ-ЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” цол, тэмдгээр

1991 онд: Нэгдлийн мал сүрэг хувьчлагдсанаас хойш хувьчилж авсан малынхаа тоо толгойг өсгөн үржүүлж, 1994, 1998 онуудад ”Мянгат малчин”-ны болзлыг ханган ажилласан.

2009 онд: ХАА-н салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан тул “МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ МАЛЧИН” цол тэмдгээр шагнагдсан

2017 онд: Монголын мал аж ахуйн академийн “Академийн жуух”, “Хүндэт профессор” цол тэмдгээр тус тус шагнагдсан байна.

 

 

Холбоотой мэдээ