Мадуро хүчирхийллийг зогсоох санал дэвшүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-06-08 13:31:45

МЕХИКО./TASS/.Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадуро улс орондоо байдлыг тогтворжуулах, хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн хэд хэдэн санаачилга гаргаснаа мягмар гарагт телевизээр үг хэлэхдээ танилцууллаа.

Тэрбээр өөрийн гаргасан гурван саналыг Энхийн хэлэлцээрийн Олон улсын комисст хүргүүлэх гэж байгаагаа мэдэгдсэн байна. Тус комиссын бүрэлдэхүүнд Өмнөд Америкийн улсуудын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Эрнесто Сампер, Испанийн Ерөнхий сайд асан Хосе Луис Родригес Сапатеро, Доминикан улсын Ерөнхийлөгч асан Леонель Фернандес, Панамын Ерөнхийлөгч асан Мартин Торрихос нар ордог ажээ.

Мадурогийн эхний санал бол Бодит үнэн, шударга ёсыг тогтоох, хохирлыг барагдуулах Комисс байгуулах явдал юм. Уг Комиссыг байгуулснаар 1999-ээс 2016 оныг хүртэлх хугацаанд гарсан төрийн эргэлт, эмх замбараагүй байдлаас үүдэлтэй бүх хохирлыг хохирсон хүмүүст нөхөн төлөх боломжтой болох юм.

Хоёрдахь саналд тусгаснаар, засаглалын бүх хэлбэрийн төлөөлөгчид оролцсон уулзалт зохион байгуулах нь зүйтэй аж. Түүнээс гадна, хүчирхийллийн бүхий л хэлбэрээс татгалзахыг Венесуэлийн төрийн тэргүүн уриалжээ.

Сануулан дурдахад, 2015 оны 12 дугаар сард болсон парламентын сонгуульд Мадуро-гийн тэргүүлсэн Нэгдсэн Социалист нам ялагдал хүлээж, сүүлийн 17 жилийн хугацаанд сөрөг хүчнийхэн анх удаагаа Үндэсний Ассамблейд олонх болсон байна. Ингэснээр тус оронд дэгдсэн нийгэм-эдийн засгийн хямрал улс төрийн өнгө аястай болон даамжирч, гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын байгууллагуудын зөрчилдөөн ширүүсэх болжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт Венесуэлд байнга жагсаал болж, Мадуро-г огцруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид шаардаж байгаа бол улс орноо хямралаас гарах арга замыг олохыг жирийн иргэд шаардах болжээ. Зарим үед жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөн гарах болсон байна.

Х.Сарнай


 


 

Холбоотой мэдээ