Хятадын эрх баригчид Австралийн сэтгүүлчийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-08 13:31:11

СИДНЕЙ. /TASS/. Хятадын “CGTN” телевизэд ажилладаг Австралийн иргэн Чэн Лэйг Хятадын эрх баригчид баривчилжээ.


Түүнийг Хятадын эрх баригчид тагнуулын үйл ажиллагаа явуулж байна хэмээн сэжиглэсэнтэй холбоотойгоор баривчилсан тухай Австралийн Гадаад хэргийн сайд Марис Пейн мэдэгдсэн байна.


Чэн Лэй зургаан сар саатуулагдсаныхаа дараа Хятад улсад албан ёсоор баривчлагдсан тухай Австралийн Засгийн газар 2 дугаар сарын 5-нд мэдээлжээ. Хятадын эрх баригчид түүнийг улсын нууцад хамаарах мэдээллийг өөр улс руу дамжуулсан хэмээн буруутган баривчилсан гэж мэдэгдсэн байна.


“Чэн Лэй 8 дугаар сарын 13-наас хойш саатуулагдсан бөгөөд саатуулах байранд байгаад нь бид маш их санаа зовж байна. Хоёр улсын Элчин сайдын яам хоорондын гэрээний нөхцөлийн дагуу Чэн Лэйг баривчлагдсанаас хойш Австралийн Элчин сайдын яамны ажилтнууд түүн дээр 6 удаа очжээ” хэмээн Марис Пейн ярьжээ.


Чэн Лэйтэй холбоотой хэрэг нэлээд өргөн цар хүрээтэй учир мөрдөн шалгах ажиллагаа хэдэн сар үргэлжилж магадгүй гэж Австралийн Гадаад хэргийн яам үзэж байна. Баривчлагдсан сэтгүүлч Чэн Лэйн бага насны хоёр хүүхэд Мельбурн хотод амьдардаг аж.

Холбоотой мэдээ