ДЭМБ-ын шинжээчид коронавирустэй холбоотой "чухал сэжүүр" олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-02-08 13:33:02

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Коронавирусний гарал үүслийг тогтоохоор Хятадад ажиллаж буй ДЭМБ-ын шинжээчдийн баг Ухань хотын далайн гаралтай бүтээгдэхүүний захаас "чухал сэжүүр” олжээ.


Энэ тухай олон улсын шинжээчдийн багийн гишүүдийн нэг болох Их Британийн зоологич, “EcoHealth Alliance” төрийн бус байгууллагын дарга Питер Дасзак “Bloomberg” агентлагт мэдээлсэн байна.


Түүний мэдээлснээр, шинжээчид халдвар тархахад уг зах яг ямар үүрэг гүйцэтгэсэн талаар "чухал баримтууд" цуглуулсан байна. Үүнтэй холбоотой мэдээллийг хоёрдугаар сарын 10-наас өмнө нийтлэх аж. “Хүмүүс яаран явсан, тэд тоног төхөөрөмж, сав суулгаа орхиод явсан. Тэд юу болсныг нотлох баримт үлдээсэн бөгөөд энэ нь бидний харж байсан зүйл юм” гэж Дасзак хэлжээ.


“Бид мөн тэр үед мэдэхгүй байсан зүйлээ мэддэг болсон. Хүндээр өвчилсөн анхны тохиолдлууд илрэхээс өмнө өвчний шинж тэмдэггүй эсвэл зүгээр л ханиадтай хүмүүсээс ялгахад хэцүү байсан өвчтөнүүд байсан” гэж тэрбээр хэлсэн байна. Эрдэмтэд одоо ийм "бусад өвчтөнүүд" хэчнээн байсан, энэ бүхэн хэзээ эхэлснийг тогтоохыг оролдож байгаа аж.


Зоологичийн хэлснээр, вирус дамжсан замыг олж тогтоох хэцүү бөгөөд “маш их хугацаа шаардагдана”.


13 шинжээчийн бүрэлдэхүүнтэй баг Ухань хотод нэгдүгээр сарын 14-нд ирсэн бөгөөд 14 хоног тусгаарлагдсаныхаа дараа ажлаа эхлүүлсэн юм. ДЭМБ-ын багт АНУ, Австрали, Герман, Япон, Их Британи, ОХУ, Нидерланд, Катар, Вьетнамын мэргэжилтнүүд багтжээ.


Холбоотой мэдээ