ДЭМБ-ын ажлын хэсэг “AstraZeneca”-гийн вакцины талаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-08 12:51:03

ЖЕНЕВ. /CNN/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ вакцинжуулалтын асуудал хариуцсан ажлын хэсгийн уулзалт даваа гарагт болно гэж  ДЭМБ-ын “COVID-19”-ийн асуудал хариуцсан дарга Мария Ван Керхове мэдээлжээ.


Тэд “AstraZeneca” компанийн вакцины талаар болон уг вакцин Өмнөд Африкт анх илэрсэн коронавирусний хувилбарын эсрэг ямар үр дүн үзүүлсэн талаарх судалгаануудын тухай хэлэлцэх ажээ. 


“Манай компанийн “COVID-19”-ийн вакцин “B.1.351” хувилбараар үүсгэгдсэн тохиолдлуудын эсрэг хязгаарлагдмал үйлчлэл үзүүлж байгааг жижиг судалгаагаар тогтоосон” гэж “AstraZeneca”-гийн хэвлэлийн төлөөлөгч “CNN” сувагт мэдээлжээ. Уг судалгаанд шинжээчид хараахан үнэлгээ хийгээгүй байгаагаас гадна олон улсын сэтгүүлүүдэд нийтлээгүй байгаа юм.


М.Керховегээс “AstraZeneca”-ийн вакцин, коронавирусний хувилбарын талаарх мэдээлэлд санаа зовниж байгаа эсэх талаар асуухад, дархлааны хариу урвалыг тогтоох олон судалгаа үргэлжилж байна гэж хариулжээ. “Одоогоор вакцины үр дүн буурсныг зарим урьдчилсан судалгаагаар тогтоогоод байна. Гэвч давтан хэлэхэд, тэдгээр судалгаанд хараахан үнэлгээ хийгээгүй байна” гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ