Дөргөн сумынхан 2025 он гэхэд түмэн тэмээтэй болох зорилт дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-04 17:35:42

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн малчид 2020 онд 3.292.6 мянган толгой мал тоолуулсан. Үүнээс хамгийн олон малтай сум гэвэл Булган 303.5 мянга, Манхан 266.1 мянган толгой малтай байна. 

Сонирхуулахад, Булган сум хамгийн олон адуу, үхэр, ямаа тоолуулсан үзүүлэлттэй байгаа аж. Харин Дарви сумын малчид хамгийн олон хонь буюу 117.5 мянган толгой хонин сүрэг тоолуулжээ. 

Мөн Ховд аймгийн Дөргөн сумын малчид 2020 оны мал тооллогоор 5.2 мянган толгой тэмээ тоолуулсан гэж Статистикийн хэлтсээс мэдээллээ. Ингэснээр тус сумынхан тэмээн сүргийн тоо толгойгоор сүүлийн 10 гаруй жил аймагтаа тэргүүлсэн үзүүлэлтээ бататгасан аж.   

Цаашид тэмээн сүргийн тоо толгойг өсгөж 2025 он гэхэд түмэн тэмээтэй болох зорилт дэвшүүлсэн. Мөн тэмээнээс авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэж Ховд аймгийн Дөргөн сумын Засаг дарга Т.Заяа хэллээ. Энэ хүрээнд Дөргөн сумын ИТХ-аас "Тэмээ өсгөх" дэд хөтөлбөр баталсан аж.   

Одоогийн байдлаар Дөргөн суманд хамгийн олон тэмээтэй малчин өрх гэвэл Сээр баг, аймгийн аварга малчин Д.Даваанаадайнх юм. Эднийх 300 гаруй тэмээ тоолуулсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Холбоотой мэдээ