Иран, Ирак хоёр талын харилцаа, бүс нутгийн тогтвортой байдлын талаар хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-02-04 13:55:49

ТЕХРАН. /Xinhua/. Иракийн Гадаад хэргийн сайд Фуад Хусейн тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчид лхагва гарагт Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани болон Техраны засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай хоёр талын харилцааг өргөжүүлэх талаар хэлэлцжээ.


Ираны Ерөнхийлөгч хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц бололцоог сайшаагаад, хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавилаа гэж “IRNA” агентлаг мэдээлсэн байна. Мөн Х.Рухани Техран Иракийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохын эсрэг байр суурь баримталдаг гэдгээ илэрхийлжээ.


Иракийн Зэвсэгт хүчний командлагчид болох Касим Сулеймани, Абу Махди аль-Мухандис нар АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан нь “Иракийн дотоод хэрэгт гадаадын орон хөндлөнгөөс оролцсон хамгийн ичгүүргүй жишээ” гэдгийг тэрбээр онцолжээ.


Х.Рухани АНУ-ын шинэ засаг захиргаа одоогийн байр суурь нь Баруун Азийн “аюулгүй байдалд аюул учруулж буйг ухамсарлаж”, бодлогоо эргэн харна гэж найдаж байгаагаа мөн илэрхийлсэн байна.


“Ирак терроризмын эсрэг, ялангуяа “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд Иран дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд Иракийн ард түмэн, Засгийн газар үргэлж талархдаг бөгөөд бид үүнийг хэзээ ч мартахгүй” гэж Иракийн Гадаад хэргийн сайд хэлжээ. Мөн тэрбээр Ирак нутаг дэвсгэрээсээ гадаадын цэргүүдийг гаргахыг зорьж байгааг онцлон тэмдэглэжээ.


Ф.Хусейн лхагва гаргийн өглөө Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифтай уулзжээ. М.Зариф К.Сулеймани, А.Муханди нарын амийг хөнөөсөн хэргийг шүүх үйл явцад Иракийн Засгийн газрын гүйцэтгэсэн үүрэгт талархал илэрхийлээд, гэм буруутнуудад хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.


Мөн бүс нутагт байрлаж буй АНУ-ын цэргүүдийг гаргах нь террорист үйлдлийн эсрэг чухал хариу арга хэмжээ болохыг Ираны Гадаад хэргийн сайд онцолжээ. Мөн тэрбээр хоёр орон аж үйлдвэр, хил орчмын арилжааны бүс, бараа бүтээгдэхүүний тээвэр зэрэг чиглэлд хоёр талын хэлэлцээр байгуулна гэж найдаж байгаагаа хэлсэн байна. 

Холбоотой мэдээ