Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн олны шүүмжлэлд өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-04 11:37:08

ТОКИО. /NHK/. “Токио-2020” наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн, Японы Ерөнхий сайд асан Мори Ёширо эмэгтэйчүүдийг гадуурхсан мэдэгдэл хийсэн нь олны дургүйцлийг төрүүлжээ.


"Эмэгтэйчүүд илүү удаан ярьж, үзэл бодлоо заавал илэрхийлэх шаардлагатай гэж үздэг учир спортын хороо, холбоонуудад эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх нь аливаа хуралдааныг сунжруулахад хүргэдэг" хэмээн түүний мэдэгдсэнийг олон хүн шүүмжилсэн байна. Тухайлбал, Японы регбигийн холбооны бүрэлдэхүүнд багтах эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлсний улмаас холбооны хуралдаан үргэлжлэх хугацаа хоёр дахин нэмэгдэх болсон тухай Мори Ёширо ярьжээ. Японы регбигийн холбоог урт хугацаанд удирдаж байсан хүний хувиар тэрбээр ийнхүү үзэл бодлоо илэрхийлсэн байна. 


“Токио-2020” наадмыг зохион байгуулах хуралдааны үеэр Моригийн ийнхүү ярьсныг тус хорооны 50 гишүүдээс хэн нь ч няцаагаагүй аж. Түүнчлэн Моригийн мэдэгдэлтэй холбоотой тайлбар өгөөгүй байна. Харин нийгмийн сүлжээнд Моригийн мэдэгдэл олны дургүйцлийг төрүүлж, түүнийг албан тушаалаас нь огцруулахыг уриалжээ. Наадмыг зохион байгуулах хороо бүрэлдэхүүндээ багтах эмэгтэйчүүдийн тоог 40 хувьд хүргэх ёстой гэсэн дүрэм журамд шинэчлэл хийх асуудлаар хуралдаан хийсэн аж. 

Холбоотой мэдээ