Цар тахлаас учирсан эдийн засгийн хохирлыг арилгах, сэргээх төлөвлөгөө боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-04 10:29:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК өчигдөр энэ сарын 11-ний 6 цагаас 23-ны 6 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих нь зүйтэй гэж үзсэн. 


Энэ хурлын дараа Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар НОК-ын Шуурхай штабын гишүүдтэй хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл авч, зарим үүрэг чиглэл өглөө. 


Цар тахлын халдварын тархалт буурахгүй, нөхцөл байдал сайжрахгүй байгаа тул коронавирустай зэрэгцэн амьдрахаас өөр аргагүйг Засаг дарга онцлоод, нийслэлийн төр, захиргааны бүх байгууллага иргэддээ үйлчлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстойг анхааруулав. Иймд мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагууд мэргэжил, арга зүйн талаас туслан дэмжихийг сануулсан юм. 


Коронавируст цар тахлаас учирсан эдийн засгийн хохирлыг арилгах, эдийн засгийг сэргээх цогц төлөвлөгөөг нийслэлийн удирдлагын бүрэлдэхүүн боловсруулахыг Засаг дарга Д.Сумьяабазар тэмдэглээд, “Хэдий цар тахалтай нүүр тулж байгаа ч нийгэм, эдийн засгийг сэргээхэд онцгой анхаарах ёстой. Тиймээс цар тахалтай зэрэгцэн амьдрах, эрсдэлийн менежмент рүү үйл ажиллагаагаа чиглүүлнэ” гэв. 


Мөн бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүүхэд, ахмад настны халамжийн төвүүдэд халдвар хамгааллын дэглэм сахиулж, хорио цээрийн дэглэмийг хэрхэн мөрдүүлж буйг хянаж шалгахыг НМХГ, НЭМГ-т үүрэг болголоо.


Түүнчлэн, орон сууцны агааржуулалтын хоолойгоор дамжиж халдвар тархах магадлалтай тул урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүст даалгав. Тусгаарлах байрыг нэмж байгуулах зочид буудлуудын судалгааг яаралтай гаргах, нийслэлд "Нэг хаалга-нэг хүн”, “Нэг хашаа-нэг хүн” аяны хүрээнд 412 мянган өрхөөс нэг гишүүнийг хөл хорионы хугацаанд шинжилгээнд хамруулах бэлтгэл яаралтай хангахыг үүрэг болгов. 


Холбоотой мэдээ