Төрийн бодлогыг шинэ залуу уран бүтээлчдэд нээлттэй байлгах санал гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ы гишүүн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн ахлагч Б.Жаргалмаа урлаг соёл, сургалтын зарим байгууллагын ажилтай өнөөдөр танилцлаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон ажлын багийн гишүүд эхлээд СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн ажилтай танилцсан бөгөөд тус сургуулийн захирал Д.Одсүрэн сургуулийнхаа бодлого, үйл ажиллагаа, хуулийн төсөлд оруулах саналаа танилцуулав. Хуулийн төсөлд киноны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа дээд боловсролын байгууллага гэж нэмж оруулах, төрийн бодлого шинэ залуу уран бүтээлчдэд нээлттэй байх, кино урлагийн инкубатор төв байгуулах, Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтад киноны мэргэжилтнийг оруулах, авьяасыг дэмжих талаар тусгах шаардлагатай гэсэн санал хэллээ.
Үргэлжлүүлэн ажлын дэд багийн гишүүд болон киноны уран бүтээлчид, багш нар киноны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын ажлын талаар болон Кино урлагийг дэмжих хуулийн төсөлд тусгах саналаа танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа хуулийн төсөл боловсруулахад УИХ-ын гишүүн гэхээс илүү уран бүтээлчийн байр сууринаас хандахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлэв. Дараа нь “Black box” театрын үйл ажиллагаатай танилцан, кино театрын төлөөлөгч нартай “Өргөө” кино театрт уулзлаа.
Тэрбээр энэ сард Монголын урлагийн зөвлөл, киноны уран бүтээлчид, төрийн бус байгууллагын удирдлагуудтай уулзахаар төлөвлөсөн байна.