ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
boloroo8136@gmail.com
2021-02-01 19:29:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл өнөөдрөөс цахимаар эхэлж байна. Цахим хичээл тойрсон асуудлаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.


-Өнөөдрөөс теле хичээл эхэлж байна. Өмнөх улиралд явуулсан теле хичээлийн үр дүнд эцэг эх, суралцагчид өөр өөрийнхөө үнэлгээг тавьсан байх. Хичээлийг илүү чанаржуулахын тулд салбарын яам мөн судалгаатай хандаж байгаа болов уу?


-Бид өөрийн болон хөндлөнийн үнэлгээг олон янзаар зохион байгуулж байгаа. Зайны сургалт хүүхэд бие даах чадвар, эцэг эхчүүдийн хүүхэддээ үзүүлэх дэмжлэг туслалцаанаас шууд хамаарч байгаа учир маш олон ялгаатай байдлыг бий болгон, харилцан адилгүй нөхцөл үүсгэж байна. Тиймээс яг дэргэдээс нь мэдэрч, харилцан ярилцах боломжгүй тул зайны сургалтын үед хоцрогдол, алдагдал үүснэ гэдгийг тооцож, тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Зайны сургалтын үед теле хичээл, цахим сургалт, интерактив хичээл, аудио хөтөлбөр, цахим хичээл үзэх боломжгүй хүүхдэд хэвлэмэл хэвлэлээр бие даах материал яаж хүргэх вэ гэхчлэн боломжтой бүх хувилбарыг ашиглаж байгаа. Танхимын сургалт эхлэх боломжтой болсон үед хоцрогдлыг арилгах, хүүхэд хүүхдийн онцлогт тохирсон арга зүй, аргачлал гаргасан.


-Ялангуяа, хөдөө орон нутгийн сурагчид цахим болон теле хичээлд 100 хувь бүрэн хамрагдаж чадахгүй байгаа. Тэдэн рүү чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?


-Өнгөрсөн хавар судалгаа хийхэд, орон нутгийн сурагчдын 74 хувь нь теле хичээлд хамрагдсан.  Харин 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 12 дугаар сарын 18-ны хүртэлх хугацаанд теле хичээлийн хамрагдалт 71.4 хувьтай гарсан. Үүнээс гадна цахим хэлбэрээр буюу цахим платформ ашиглаж хичээл сургалтаа явуулж буй сургалтад 10 гаруй хувь нь хамрагдаж байна. Ингээд нийт сурагчдын 80 хувь нь хамрагдаж байна. Тэгэхээр үлдсэн 15 хувь нь теле хичээлд хамрагдахгүй байгаа гэсэн тооцоо судалгаа гарч байгаа.

Тиймээс 2020-2021 оны хичээлийн жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэвэл, хүртэж чадахгүй байгаа хүүхдийг ямар нэг байдлаар оролцоог нь хангах, эргэх холбоо тогтоох байдалд нь анхаарсан. Тиймээс хэвлэмэл материал хүргэх зөвлөмж, арга зүйгээр орон нутгийн Боловсролын байгууллагуудыг хангасан. Үндэсний статистикийн хорооноос гаргасан нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар, хотын хүүхдийн 30 орчим хувь, орон нутгийн хүүхдийн 40 орчим хувь нь бие даан ажиллах дасгал даалгаврыг авч ажилласан гэсэн дүн мэдээтэй байгаа.


-БШУЯ 2020-2021 онд сурагчдын хоцрогдол арилгах тусгай хөтөлбөр зохион байгуулна гэсэн. Тэр ажил ямар шатандаа байна вэ?


-Танхимын сургалт эхлэхэд сурагчдын хоцрогдлыг арилгахад нэн түрүүнд анхаарна. Аль хичээлийг танхимаар багшийн оролцоотой явуулж хоцрогдол арилгах вэ, аль хичээлд олон нийтийн оролцоо дэмжлэг авах вэ, ямар агуулгыг хүүхдийн авьяас, бие даах байдалд нь тулгуурлан зайнаас явуулах вэ гэхчлэн орон нутгийн боловсролын байгууллагууд, ЕБС-ийн өөрийн онцлогт нь тохирсон арга зүй, аргачлалыг гарган мэргэжлийн багш нарын бүлэг зохион байгуулж байгаа. Үндэсний хэмжээнд 350 боловсролын газрын мэргэжилтэн, сургуулийн удирдлагууд оролцсон 13 чиглэлийн бүлэг байгуулж байна. Эдгээр бүлэг цааш 839 сургуулийн 34 мянган багш бүрт хүрч ажиллана. Танхимын сургалт эхлэхэд үүнийг хөрсөн дээр буулгаж хэрэгжүүлнэ.

Цаашид бүх хичээлийг заавал үзэж үнэлгээ гаргахаасаа илүүтэй аль агуулгыг голчлох, аль агуулгыг интеграцилж хүүхдэд хүргэх, хоцрогдлоо хэрхэн арилгах, хөтөлбөрөө яаж нягтруулах вэ гэдэгт анхаарна.


нэ жил ЭЕШ-ыг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл 2021 оны 2 дугаар сарын 15-нд эхэлнэ. Цахимаар зохион байгуулна. Цар тахлын нөхцөл байдлаас хамааран ЭЕШ-ын хугацааг хэдийд товлох вэ гэдгийг 4 дүгээр сард зарлана. Мөн 12 дугаар ангийнханд зориулсан хичээл, сургалт, танхимын давтлага өгөх зэрэг ажлыг зохион байгуулна. Хэвлэмэл материал, “Элсэгч” сонин, гарын авлага тараахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн зайны сургалтад алдаа дутагдал гарна. Теле хичээлийг сурагчдын 70 гаруй хувь нь үзэж байгаа боловч түүн дотор аав ээж, эмээ өвөө, ах эгчтэйгээ хамт үзэж байгаа хүүхдийн хувьд үр дүнтэй. Хэний ч оролцоогүй бие даан үзэж байгаа хүүхдийн хувьд ойлгохгүй нөхцөл байдлаас шалтгаалан харилцан ялгаатай байдал үүсэж байна. Тиймээс танхимын сургалт эхлэхэд ялгаатай нөхцөл байдалд чиглэсэн бодлого менежмент багийн зохион байгуулалт хийх хэрэгтэй.


-Эцэг эхчүүд рүү  чиглэсэн нөлөөллийн ямар ажил хийж байна вэ?


-Зайны сургалтын хувьд зөвхөн теле хичээлээр зогсохгүй онлайн сургалт, интерактив хичээлийг БШУЯ мэргэжлийн байгууллагуудтай хамтран Econtent.edu.mn сайтад байршуулсан. Ямар ч дата шаардахгүй, үнэ төлбөргүй хэрэглэх боломжийг оператор компани хангаж өгсөн. Мөн хэвлэмэл материалыг олон хувилбараар боловсруулсныг сургуулиуд сум, багийн Засаг даргын тамгын газраар дамжуулан өвөлжилт хүндэрсэн, отроор байгаа гэр бүл, хүүхдэд хүргэж байна.

Түүнчлэн эцэг, эхчүүдэд зориулсан 30 удаагийн теле цуврал сургалт явуулсан. Өнөөдөр 26 дахь цуврал нь хүрнэ.


Эцэг эх олон нийтэд нөлөөлсөн ажлууд хийж байна. Танхимын сургалт эхэлмэгц сургууль бүр өөрийн онцлогт тохирсон бодлого хэрэгжүүлнэ.


-Цахимаар суралцаж байгаатай холбогдуулан сургалтын төлбөрийг хөнгөлөх ёстой, ёсгүй гэсэн үзэл баримтлал байна л даа. Салбарын яам үүнд ямар байр суурьтай байна вэ?


-Дээд боловсролын асуудал хариуцсан газар бодлого зохицуулалт хийж, үүрэг чиглэлээр хангаж ажиллаж байгаа байх гэж бодож байна. Харин дунд боловсролын хувьд, хувийн хэвшлийн сургуулиуд байдаг. Мөн гүнзгийрүүлсэн сургалтыг зохих журмын дагуу явуулан хуулийн дагуу зөвшөөрсөн төлбөр хураамжийг авч байгаа.

Бид 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн цар тахлын нөхцөл байдал амаргүй байхыг урьдчилан тооцож,  нэлээд тушаал шийдвэрт энэхүү асуудлыг тусгасан. Мөн хувийн сургуулиуд болон төлбөр авдаг сургуулиудад зөвлөмж хүргүүлсэн. Цар тахлын үед төлбөртэй сургуулиуд ямар байдлаар бэлэн байдлаа хангах, төлбөр хураамж авахаар эцэг эхтэй байгуулж буй гэрээнд хэрхэн тусгах, танхимын сургалтыг орлохуйц хэмжээний сургалтын платформ систем байна уу гэдгийг зайны хэлбэрт шилжсэн үед ойлгомжтой байдлаар тусгахыг зөвлөсөн. Энэ тухай өргөдөл гомдол харьцангуй багассан. Өргөдөл гомдол ирсний дагуу тухайн сургуулиудад албан ёсоор бичиг хүргүүлж байгаа.


-Тэгэхээр тухайн сургууль шийднэ гэсэн үг үү?


-“COVID-19” халдварын үед баримтлах тодорхой заалт бий. Мөн таван сайдын хамтарсан тушаал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын гаргасан түр зааварт тодорхой зүйлүүдийг тусгасан. Энэхүү тушаал шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд тухайн сургуульд албан бичиг хүргүүлж байгаа.

Холбоотой мэдээ