Осол гэмтэлтэй холбоотой 40 дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-31 12:03:33

Ховд /МОНЦАМЭ/. Иргэд амралтын өдрүүдэд салхинд гарах явдал нэмэгдсэн байна. Ингэхдээ гол, нуурын мөсөн дээгүүр гулгах, уран жолоодлого \дрифт\ хийх мөн хүүхдээ чарганд суулган автомашинаар чирэн машины утаагаар хордуулж эрүүл мэндэд нь хохирол учруулсаар байна.

Тоглож буй чарга нь стандартын шаардлага хангаагүй, хүйтэнд хөлдсөн байдаг. Иймээс тоглох явцад хагарах, машин гэнэт зогсоход хойшоо савж унах, ямар нэгэн зүйлийг мөргөн бэртэж, гэмтэх, улмаар амиа алдах асуудал гарч болзошгүй аж.  

Он гарсаар эцэг эхчүүдийн хараа хяналт сул, болгоомжгүй үйлдлээс шалтгаалан Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Гэмтэл судлалын тасагт гадны болон ахуйн хүрээний осол, гэмтэлтэй холбоотой 40 дуудлага ирж, эмчлүүлсэн байна.  

Үүнээс дийлэнх хувийг бага насны хүүхэд ор, сандлаас унаж бэртэх, гараа түлэх, мөсөн дээр тоглож байгаад халтирч гар, хөлөө хугалах зэрэг тохиолдлууд эзэлж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид өөрсдийн болон бага насны хүүхдийг аливаа эрсдэлд өртөх, хохирохоос сэргийлж, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг анхааруулж байна.

Мөн хүүхэд эцэг эхийнхээ үйлдлийг ямагт дууриадаг тул зөв үлгэр дууриалал үзүүлээрэй гэж Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Гэмтэл судлалын тасгийн ахлах сувилагч Л.Сосорбарам зөвлөсөн юм.  

Холбоотой мэдээ