Сингапурын сайд үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэсэн гэх дуулианд орооцолдов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-07 15:06:10

СИНГАПУР. /TASS/. Сар орчмын өмнө зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн Сингапурын Сангийн сайд Хэн Сви Кит үнэ төлбөргүй эмчлүүлж байгаа тухай мэдээллийг тус улсын эрх баригчид няцаалаа.

Засгийн газраас гаргасан мэдэгдэлд “сайдыг эмчлэх зардлыг жирийн татвар төлөгчдийн нуруун дээр үүрүүлээгүй” гэдгийг  дурдсан байна.

Мэдэгдэлд цааш нь дурдахдаа “сайд болон түүний төрөл төрөгсөд ямар нэгэн хөнгөлөлт эдэлдэггүй” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Мэдэгдэл хийх болсон учир нь, сайд Хэн Сви Кит маш өндөр үнэтэй тусгай тасагт ямар ч үнэ төлбөргүйгээр хэвтэн эмчлүүлж байгаа тухай Сингапурын нэгэн сонинд бичсэнтэй холбоотой аж.

Дашрамд дурдахад, Сингапурт өндөр үнэ өртөгтэй эмнэлгийн үйлчилгээний зардлын зөвхөн тодорхой хэсгийг даатгалаас төлдөг бөгөөд үлдсэн хэсгийг нь тусгай сангаас гаргадаг аж. Тус улсын иргэд сар бүр орлогоосоо тодорхой хэмжээний мөнгийг уг санд хуримтлуулдаг байна.

5 дугаар сарын 12-нд болсон засгийн газрын хуралдааны ээлжит хуралдааны үеэр Сайд Хэн Сви Кит-ийн бие гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгджээ. 54 настай түүнийг Сингапурын “дөрөвдэх үеийн” гол улстөрч гэж үнэлдэг бөгөөд тэрбээр 2019 онд одоогийн Ерөнхий сайд Ли Сянь Лун-ы халааг авч магадгүй хүн гэгдэж байсан юм. 

Х.Сарнай

 

 


 

Холбоотой мэдээ