Капитолд болсон үймээний дараа 30 мянга гаруй хүн Бүгд Найрамдах намаас гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-01-28 13:08:05

ВАШИНГТОН. /TASS/. Вашингтон дахь Капитолын ордны гадаа нэгдүгээр сарын 6-нд болсон үймээний дараа АНУ-ын Бүгд Найрамдах намд бүртгэлтэй 30 мянга гаруй хүн улс төрийн сонголтоо өөрчилжээ.


Урьд өмнө тохиолдож байгаагүй энэхүү үйл явдал нь ерөнхийлөгчийн сонгуульд болон Конгрессын Сенатын танхимд олонхын суудал авах өрсөлдөөнд ялагдсан бүгд найрамдахчуудад цаашдын үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлоход нь асуудал үүсгэж болзошгүй юм гэж “The Hill” сонинд мэдээлсэн байна.


“Гэсэн хэдий ч, энэ нь мөсөн уулын зөвхөн орой төдий л юм. Эдгээр 30 мянган хүн сонгогчдын бүртгэл, нам сольж буй хүмүүсийн талаар долоо хоног бүр мэдээлж байдаг цөөн хэдэн муж улсад л амьдардаг. Сонгуулийн эцсийн дүн “хаашаа ч холбирч магадгүй” гол муж улсуудад сонгогчид намаа сольж л байдаг” гэж тус сонины нийтлэлд дурджээ.


Тухайлбал, нэгдүгээр сар гарснаас хойш Пенсильванд бүртгэлтэй 10 000 орчим сонгогч Бүгд Найрамдах намаас гарчээ. Тэдний гуравны нэг нь Ардчилсан нам, үлдсэн нь өөр намд орсон эсвэл нам бус байхыг сонгосон байна. Үүний зэрэгцээ тус муж улсад Ардчилсан намын 2000 гишүүн Бүгд Найрамдах намын эгнээнд нэгджээ. Хойд Каролинад 6000, Аризонад 5000 хүн Бүгд Найрамдах намын эгнээнд элсэхээс татгалзсан байна.  


Холбоотой мэдээ