Элчин сайд Д.Даваа Чувашийн Бүгд Найрамдах Улсад томилолтоор ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа тус улсын Чувашийн Бүгд Найрамдах Улсад томилолтоор ажиллаж байна.
Энэ хүрээнд элчин сайд Д.Даваа 1 дүгээр сарын 27-нд Чебоксар хотноо ОХУ-ын Бүгд Найрамдах Чуваш Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Д.И.Краснов, Аж үйлдвэр, эрчим хүчний сайд Е.Р.Герасимов нартай уулзлаа. Уулзалтаар Д.И.Краснов худалдаа, эдийн засаг, эрчим хүч, батлан хамгаалахын салбаруудад Монгол Улстай илүү нягт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, шаардлагатай бүхий л хүчин чармайлтыг гаргаж ажиллахаа мэдэгдлээ.
Элчин сайд Д.Даваа иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд Монгол Улс, ОХУ харилцан ашигтай худалдаа, эрчим хүч, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих бүрэн бололцоотой болохыг тодотгож, энэ хүрээнд Бүгд Найрамдах Чуваш Улсад дээр дурдсан чиглэлүүдээр иж бүрэн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, байгууллагуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын холбогдох байгууллагуудад уламжлан, хамтарч ажиллах боломжийг эрэлхийлэхээ нотлов.