Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-07 13:31:54

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2014 онд зохион байгуулагдсан Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын анхны уулзалтаар гурван тал худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. 2015 онд төрийн тэргүүн нарын хоёрдахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар Монголын “Талын зам” төсөл, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлага болон ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”-той уялдуулан 3 улсын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулахаар тохиролцсоны дагуу хөтөлбөрийн төслийг боловсруулжээ. Төсөлд гурван тал хамтран хэрэгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалт буюу авто болон төмөр замын коридорууд, дамжин өнгөрөх тээвэр, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хилийн хянан шалгалтыг хөнгөвчлөх, эрчим хүч, аялал жуулчлал, байгаль орчин, гаалийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэг, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр 32 төсөл тусгасан байна. Талууд энэ сарын 23-нд Ташкент хотноо хөтөлбөрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Төвлөрлийг улам сааруулна

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж буй “Засаглалыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-ийн төсөл боловсруулсныг  Засгийн газар баталлаа. Төсөлд:

-  Төвлөрлийг сааруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний туршлага, сургамж, өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээ  

-  Төвлөрлийг сааруулах бодлогын хэрэгцээ, шаардлага

-  Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын зарчим

-   Бодлогыг хэрэгжүүлэх арга зам

-  Хэрэгжүүлэх үе шат, зохион байгуулалт, хүрэх үр дүн, үр нөлөөг тодорхойлох зэрэг асуудлыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр тусгасан байна.

Энэхүү баримт бичгийн төслийг боловсруулахдаа гадаадын болон дотоодын зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, төрийн бүх шатны байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгүүд зохион байгуулж бүх яам, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нарын саналыг авч тусгасан байна.

Энэ бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн орнуудын туршлагаас үзэхэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх, ил тод хариуцлагатай, сайн засаглалыг бий болгон хөгжүүлэхэд төвлөрлийг сааруулах бодлого чухал ач холбогдлоо өгсөн байна.

   Товч мэдээ:

-   Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн төгсгөлийн шатны хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

-  ”Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай” Засгийн газрын 2007 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ