Аймгийн ИТХ-ын дарга хотоос ирж буй иргэдийг хүлээн авч буй байдалтай газар дээр нь танилцлаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-01-27 17:58:57

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдоор ахлуулсан ажлын баг өнөөдөр Улаанбаатар хотоос ирж байгаа 9 автобустай 362 зорчигч, хувийн унаатай 110 иргэнийг постоор хүлээн авч, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж буй байруудын үйл ажиллагаатай танилцлаа.

Дээрх ажлын хүрээнд аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, Сумдын онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллахыг үүрэг болголоо. Мөн хотоос ирж буй иргэдэд хандан улс болон аймгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжүүдийг баримтлан, өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалахыг уриаллаа. Тухайлбал:

1. Тэмдэглүүлсэн бүртгэлтэй хаяг дээрээ тогтмол байж, гэрээсээ гарахгүй, гаднаас зочин урихгүй байх.

2. Гар утсаа байнга нээлттэй байлгах, утсаар биеийн байдал болон байршлын талаарх мэдээллийг хяналт тавьж буй байгууллагад мэдээлэх.

3. Биеийн халууныг хэмжих термометрийг бэлтгэж, өдөрт 2-оос доошгүй удаа хэмжиж, тэмдэглэл хөтлөх.

4. Амны хаалт хэрэглэх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ, ялангуяа ариун цэврийн өрөөнд цэвэрлэгээг сайтар хийх.

5. Өрөө тасалгаанд агаар сэлгэлтийг 2 цаг тутам хийх.

6. Гэр бүлийн гишүүдтэй аль болох ойр байхгүй байх, боломжтой бол тусдаа өрөөнд байх.

7. Гэр бүлийн гишүүд нь тухайн хүнийг тусдаа байх нөхцөлийг бүрдүүлэх.

8. Гэр бүлийн гишүүд нь тухайн тусгаарлан ажиглалтад байгаа хүнийг гэрээс гаргахгүй байх үүрэг хүлээх.

9. Гэрээр үргэлжлүүлэн тусгаарлахтай холбоотой гарсан дүрэм журам, зааврыг мөрдөх.

10. Ямар нэгэн зовуурь илэрвэл Увс аймгийн шуурхай штабын 8021-0105 дугаарт холбогдох зэрэг анхааруулгыг өгч байна.

Холбоотой мэдээ