Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар олон улсын стандарт нэвтрүүлнэ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-27 13:14:50

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олон энэ онд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор MNS ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Тус стандартыг “Стандарттай Ховд” хөтөлбөрийн хүрээнд нэвтрүүлэх гэж байгаагаараа онцлогтой. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Ховд аймгийн Засаг дарга хооронд байгуулах гэрээнд уг стандартыг нэвтрүүлэх зорилт дэвшүүлсэн аж.

Өнгөрсөн онд Ховд аймгийн төрийн 9 байгууллага үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлсэн.

Тухайлбал, 2020 онд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс уг стандартыг нэвтрүүлсэн юм. Иймээс тухайн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага судлах зорилго бүхий уулзалтыг энэ сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтад аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олны төлөөлөл болон Нийгмийн даатгалын хэлтсийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцож, туршлага солилцов.

Тус стандартыг нэвтрүүлснээр ажлын уялдаа холбоо сайжрах, баримт бичиг эмх цэгцтэй болох, ажлын давхардал, хүнд суртлыг арилгах, албан хаагчдын мэдлэг ур чадвар, бүтээмжийг тасралтгүй ахиулах, улмаар төрийн үйлчилгээний чанар сайжрах боломж бүрддэг аж. 

Холбоотой мэдээ