“Рио 2016” олимпийн цом Дорнод аймагт ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-07 10:08:32

Хүн төрөлхтний спортын хамгийн том наадам болох олимп энэ зун “Рио 2016” нэртэйгээр зохион байгуулагдана. Олимпийн босгон дээр МҮОНРТ –ээс санаачлан “Олимпын цом” хандивын аяны гарааг Дорнод аймгаас эхлүүллээ.

Тусгаар тогтнолын талбай дээр болсон бамбар аялуулах нээлтийн арга хэмжээнд Монголын Үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, олимпийг шууд дамжуулах багийн гишүүн спортын сэтгүүлч Д.Батжаргал тэргүүтэй төлөөлөл оролцож аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарт цомыг гардуулан өглөө.

Дорнод аймгийн тамирчин бокчин Азийн аварга Д.Отгондалай, Б.Мөнхзаяа нар “РИО 2016” олимпд оролцох эрхээ аваад байгаа билээ. Энэ жил Дорнодын тамирчид хувьд хөлбөмбөгийн өсвөрийн улсын аварга, волейболын идэрчүүдийн улсын аваргаас охидын баг хүрэл, сагсан бөмбөгийн улсын аваргаас мөнгө медаль хүртсэн түүхэн амжилтуудыг үзүүлээд байгаа юм.

Их олимпийн наадмыг Монголын үндэсний телевиз шууд дамжуулах эрхийг гурван тэрбум төгрөгөөр авчээ.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ