ҮХЦ-ийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авахыг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-26 12:15:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авахыг дэмжив.


Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх дүгнэжээ.  Тодруулбал, тус хуулиар өөрийн төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд, хүүхэд асарсны тэтгэмж олгохоор заасан. Энэ нь ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцгийн дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүд үзжээ. Дээрх зохицуулалт нь дам байдлаар хүүхэд асрах харилцаанд эхэд илүү үүрэг хүлээлгэх, эцэг, эх харилцан тэгш эрхтэйгээр чөлөөтэй сонгох боломжийг хязгаарлах сөрөг үр дагавар үүсгэхийг Үндсэн хуулийн цэц дүгнэлтдээ тэмдэглэсэн байна.


Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир нар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн С.Чинзоригоос тайлбар авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар, долоодугаар сарын 1-нээс өмнө хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг тэмдэглээд, ингэхдээ ямар агуулга тусгахыг тодруулав. Нөгөөтэйгүүр, хүүхдээ асарч байгаа гэх тодорхойлолтыг Хөдөлмөрийн хуульд хэрхэн засвар оруулж өөрчлөхийг асуулаа. Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр, Эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зардал, тооцоог хэрхэн гаргасан, хэчнээн хүн хамрагдахыг лавлалаа. 


УИХ-ын гишүүн С.Чинзориг, цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож хэд хэдэн тайлбар өгсөн хэмээн тайлбарлав.  Тухайлбал, Монгол Улс 1969 онд нэгдэн орсон Эхчүүдийг хамгалаах олон улсын хөдөлмөрийн байгууллагын 103 дугаар конвенцийн 4.1, 4.2 дахь заалтад, жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөөнд байгаа эмэгтэй мөнгөн болон эмнэлгийн тусламж авах эрхтэй гэж заажээ. Ингэхдээ, мөнгөн тэтгэмжийн хэмжээг үндэсний хууль тогтоомжоор тогтоох бөгөөд эрүүл хүүхдийн хөгжлийн суурийг хангасан байх ёстой хэмээн заасныг УИХ-ын гишүүн С.Чинзориг тэмдэглэв. Мөн 1979 оны Эмэгтэйчүүдийг алагчлах хэлбэрийг устгах тухай конвенцын 4.2-т, эхчүүдийг хамгаалахад чиглэсэн тусгай арга хэмжээг, түүний дотор конвенцод заасан арга хэмжээг батлахыг алагчлал гэж үзэхгүй гэж заасан байдаг. Эмэгтэйчүүд тухайн орныхоо нөхцөлөөс хамаарч тэтгэмж олгож байгаа нь алагчлал гэж үзэхгүй гэсэн заалт байсныг цэцийн хуралдаанд тайлбарласан гэлээ. Гэвч Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд, Үндсэн хуулийн 16 дугаар зүлйин 16.11 дэх заалтад, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд гэр бүлийн харилцаа эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй оролцоно гэж заасныг үндэслэсэн хэмээв. Уг заалтад үргэлжлүүлээд, гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах үүрэгтэй гэсэн заалт байсан ч цэц хүлээн аваагүй хэмээн тайлбар өгөв. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх заалтийг үндэслэн, 0-3 насны эхэд тэтгэмж олгох нь хүйсээр ялгаварласан байна гэсэн агуулгаар дүгнэлт гаргасан гэлээ. 


УИХ-ын гишүүн С.Чинзориг, "Хэрэв хуульд өөрчлөлт оруулах бол, 0-3 насны хүхдээ асарч байгаа эцэг, эх хоёуланд нь тэтгэмж олгох асуудал яригдахгүй. Эх 0-3 насны хүүхэдтэй ч ажилдаа орж эцэг нь хүүхдээ гурван нас хүртэл асрахаар болбол тэтгэмжийг үргэлжлүүлэн эцэгт нь олгоно. Цэцээс эх, эцэг аль нэгт нь тэтгэмж олгох боломжийг нээж өг гэж байна гэж ойлгосон" хэмээв. 


Мөн Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байгаагаа дурдав. Тодруулбал, өмнө нь 0-3 насны хүүхдээ асрах чөлөөг зөвхөн эх авна гэж хуульд заасан. Харин 2003 онд Хөдөлмөрийн хуулд өөрчлөлт оруулж 0-3 насны хүүхдээ асрах эцэгт чөлөө олгож болно гэсэн заалт орсон. Цэц энэ хуулийг үндэслэл болгосон гэлээ. Харин зардалтай холбоотой асуудалд нарийн тооцоо  байхгүйг хэллээ. "Одоогийн хуулиар, жилд 90 тэрбум төгрөгийг 0-3 насны хүүхэдтэй эхэд олгож байгаа. 0-3 насны эх нас барсан, асран хамгаалахаас татгалзсан бол эцэгт нь тэтгэмж олгох хуулийн заалт бий" хэмээн УИХ-ын гишүүн С.Чинзориг хариултдаа тэмдэглэсэн.


Ингээд санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүний олонх цэцийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Холбоотой мэдээ