Эсэргүүцлийн жагсаалд Путиний дэмжигчдээс хамаагүй цөөн хүн оролцдог гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-25 09:51:31

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хууль бус жагсаалд цуглардгаас хамаагүй олон хүний дэмжлэгийг хүлээдэг тул ОХУ-д нөхцөл байдлыг донсолгох боломжгүй гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үзэж байна.


Тэрбээр ням гарагт “Россия 1” сувгийн "Москва. Кремль. Путин" нэвтрүүлэгт оролцох үеэрээ өнгөрөгч амралтын өдрүүдэд Орос даяар болсон эсэргүүцлийн жагсаалын талаар албан ёсны байр сууриа илэрхийлжээ.


"Путиний эзэмшдэг харшийн тухай илчлэлт гэж нэрлэж байгаа" бичлэгийн талаар тайлбар өгөхдөө Кремлийн хэвлэлийн төлөөлөгч энэ нь "нөхцөл байдлыг цаашид даамжруулахыг хүсэж буй хүмүүст" ашигтай, гэхдээ "үнэн хэрэгтээ байдал өөрчлөгдөхгүй" гэж онцлон тэмдэглэсэн байна. 


“Одоо олон хүн хууль бус жагсаалд хэдэн мянган хүн оролцсон гэж хэлнэ. Үгүй ээ. Цөөхөн хүн байсан. Путинд олон хүн санал өгдөг” гэж тэрбээр цохон хэлээд Оросын олон иргэн мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн гэдгийг сануулжээ. “Хэрэв тоон үзүүлэлтийг харьцуулж үзвэл эсэргүүцлийн жагсаалд Путиний дэмжигчдээс цөөн хүн оролцсон болохыг ойлгох болно” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч цохон тэмдэглэжээ.


"Тэд бас Оросын иргэд. Би бүх үзэл бодлыг хүндэтгэж байгаа боловч хууль бус үйл ажиллагаанд оролцохыг эрс эсэргүүцэж байна. Учир нь энэ бол хууль зөрчсөн үйлдэл юм" гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


Холбоотой мэдээ