Тайландад вакцинжуулалттай аяллаар жуулчдыг татахыг санал болгожээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-01-22 15:20:01

БАНГКОК. /Bangkok Post/. Тайландын аялал жуулчлалын компаниуд коронавирусний вакцинжуулалттай аяллаар жуулчдыг татахыг санал болгожээ. Энэ талаар тус улсын Аялал жуулчлалын зөвлөлийн ерөнхийлөгч Чамнан Срисават мэдээлсэн байна.


Нэг сарын хугацаатай ийм аяллын нэг хүний зардал нь 150 мянган бат /5000 ам.доллар/ байх бөгөөд үүнд 14 хоногийн тусгаарлалт болон вакцинжуулалтын зардлыг оруулжээ.  


Энэхүү санаачилга нь олон улсын зах зээлээс хамааралтай, цар тахлын улмаас хүнд цохилтод өртсөн аялал жуулчлалын салбарынхныг дэмжих зорилготой аж. Срисаватын үзэж байгаагаар, хэрэв хүнс, эмийн чанарын хяналтын газар хувийн эмнэлгүүдэд коронавирусний вакциныг их хэмжээгээр нөөцлөхийг зөвшөөрвөл аялал жуулчлалын компаниуд гадаадын жуулчдад тарилга хийхэд эмнэлгүүдтэй хамтран ажиллах боломжтой болно.


Гэхдээ дээрх санаачилга нь хэлэлцүүлгийн эхний шатанд байгаа бөгөөд илүү нарийвчлан судлах, ялангуяа Засгийн газар хэрэгжүүлэх эсэхийг тодорхойлох шаардлагатай байгаа аж.


Тайланд коронавирусний вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэх төв биш учраас энэ санаачилга нь жуулчдыг олноор нь татаж чадна гэдэгт тус улсын шинжээчид эргэлзэж байна. “Аялж байхдаа халдвар авахгүйн тулд хүмүүс аялахаасаа өмнө эх орондоо вакцин хийлгэхийг илүүд үзэх болов уу” гэж “NS Travel and Tours” компанийн дэд захирал Чотечуанг Сурангура хэлжээ.


Тайландад коронавирусний халдварын анхны тохиолдол 2020 оны нэгдүгээр сарын 13-нд бүртгэгдсэнээс хойш 12700 гаруй хүн халдвар авснаас 9800 гаруй нь эдгэрсэн бол 71 хүн нас баржээ. Цар тахлын улмаас тогтоосон онцгой байдлыг хоёрдугаар сарын 28 хүртэл сунгасан байна. Энэ онд Их Британи-Шведийн AstraZeneca компани  Тайландад  200 сая тун коронавирусний вакцин үйлдвэрлэхээр болжээ.


Холбоотой мэдээ