"Pfizer-BioNTech”-н вакцин Их Британид илэрсэн хувилбарын эсрэг үр дүнтэй байгааг тогтоожээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-21 12:18:25

БЕРЛИН. /TASS/. Германы “BioNTech”, Америкийн “Pfizer” компанийн гарган авсан вакцин Их Британид илэрсэн коронавирусний шинэ хувилбараас үр дүнтэй хамгаалж байгааг "BioNTech” компанийн судалгаанд дурджээ.  


Эрдэмтэд 10 хүний цусны шинжилгээг судалж, эсрэг биетийн коронавирусний шинэ хувилбаруудыг хэр сайн саармагжуулж байгааг илрүүлжээ. Төрөл нь тодорхой болсон хувилбар болон Их Британийн хувилбарт үйлчилж буй вакцины үр дүн ижил байжээ. Өөрөөр хэлбэл вакцин шинэ хувилбараас хамгаалж байна гэсэн үг юм.


“BioNTech-Pfizer” компаниудын “BNT162b2” вакцинаар Их Британид илэрсэн хувилбарыг дарах боломжтойг судалгааны дүн харуулсан байна.


“Der Spiegel” сэтгүүлийн мэдэгдсэнээр, Өмнөд Африкт илэрсэн хувилбар судлаачдын санааг илүү зовоож байгаа аж. Урьдчилсан мэдээллээр, вакцин бусад хувилбартай харьцуулахад Өмнөд Африкийн хувилбарт тийм ч үр дүнтэй байгаагүй аж. Одоогоор судалгааг үргэлжлүүлэн явуулж байна.


Их Британи, ӨАБНУ-д коронавирусний шинэ хувилбар өнгөрсөн 12 дугаар сард илэрсэн юм. Эрдэмтдийн үзэж буйгаар, хоёр өвчин үүсгэгч хоёул бусад хувилбараасаа илүү хурдан халдварладаг аж. 

Холбоотой мэдээ