Иргэний нийгэм, бизнесийн төлөөлөгчид мэдээлэл хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-01-20 17:12:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банкны 33 тэрбум зээлтэй холбоотойгоор зарим бизнес эрхлэгч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч нар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тухайлбал, "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд нэр холбогдоод буй УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт хариуцлага тооцохыг төр засгаас, холбогдох байгууллагуудаас шаардаж буйгаа мэдэгдлээ. Тэрээр, "Энэ бол шударга бус зүйл. Энэ бол хөгжлийн бус арилжааны зээл. Үүнд холбогдсон бол төрийн түшээд хариуцлага хүлээх ёстой" гэсэн байр сууриа илэрхийлэв. Тэгвэл эрхзүйч Т.Бат-Оргил дээрх байдлыг АТГ зэрэг хяналтын байгууллагууд шалгах хэрэгтэй байна гэсэн саналаа хэлж байв. 


"Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан бизнесийн орчинд улстөр хутгалдаж, татвар төлөлт, зээл олголт дээр шударга бус байдал гарсаар байгааг хэлж ганц үүгээр зогсохгүй бондуудын эргэн төлөлөлт, гадаад өр зээлийн талаар төр, засаг тайлангаа үргэлж тавьж байя. Ингэхгүй бол "COVID-19"-ийн халдварын дараа улс орны эдийн засаг, бизнесийн орчин ямар байх нь тодорхойгүй байна гэж байв. 

Мэдээлэл хийхэд Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар, "Үнэн ба зөв "намын тэргүүн А.Отгонбаатар, жүжигчин Б.Цэцгээ нар оролцож, "COVID-19"-ийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор эрүүл мэнд, онцгой байдлын үйл ажиллагаанд мэргэжлийн менежмент, хариуцлага дутагдаж нийгмийг бухимдуулж байна гэсэн байр сууриа мөн илэрхийлэв. 

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ