Төслийн дэд зөвлөх О.Уламбаяртай орон нутгийн холбогдох албаныхан санал солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-20 16:23:24

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн удирдлагууд ХБНГУ, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн дэд зөвлөх О.Уламбаярыг хүлээн авч уулзан санал солилцлоо.


Уг төсөл нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгын сүлжээг (орчны бүс болон экологийн холбоос нутгуудыг хамруулан) бэхжүүлэх; биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2027 он хүртэл 3 үе шаттай хэрэгжих бөгөөд Цогт, Эрдэнэ, Алтай, Бугат, Тонхил сум хамрагдаж байгаа юм.

Энэхүү төслийн дэд зөвлөх О.Уламбаяр Говь-Алтай аймагт нэгдүгээр сарын 20-нд ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзан төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хэрэгжилтийн талаар санал бодлоо солилцлоо.

Мөн зөвлөлийн гишүүд, мэргэжлийн байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, төслийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл, 2021 онд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулж, хамтран ажиллах чиглэлээр зөвлөгөө өгч, санал авчээ. 

“Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төсөл нь Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс болон экологийн коридорийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой үйл ажиллагаагаа явуулж буй юм. Төслийн хүрээнд тухайн бүс нутгийн ард иргэдийн байгаль орчинтойгоо дасан зохицох, биологийн төрөл зүйлүүдийг хамгаалуулах замаар амьжиргааг нь дээшлүүлэх зэрэг олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах ажээ.


Холбоотой мэдээ