Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-20 14:15:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилж өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.


УИХ-ын чуулганы 2017 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль баталж, 2019 онд уг хуульд орсон нэмэлт, өөрчлөлт оруулж хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн юм. Улмаар Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх хуулийн үйлчлэлд 28.1 мянган иргэн хамрагдах, тэтгэврийн даатгалын санд 42.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр, уг сангаас 8.8 мянган малчин хувиараа, хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрт 37.3 тэрбум төгрөг зарцуулахаар тодотгосон.


Харин дэлхий дахинаа тархаад байгаа коронавируст халдварын цар тахалтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнес доголдон орлого багасаж, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй болоод байгаа. Түүнчлэн Коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай УИХ-ын 2020 оны 36 дугаар тогтоолд, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай заасан. Иймд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар төсөл санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.


Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Жавхлан нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, энэ хуулийг батлаад хоёр жил өнгөрсөн ч хэрэгжих нь тааруу байсан учраас Засгийн газар хуулийн хугацааг 2021 оны эхээр дуусгавар болгохоор шийдвэрлэсэн. Гэтэл төсөл санаачлагч хуулийн хугацааг дахин нэг жилээр сунгахаар оруулж ирж байгааг тэмдэглээд, энэ хугацаанд хууль сайн хэрэгжиж чадах эсэх судалгаа байгаа эсэхийг тодруулав.


Гишүүний энэ асуултад төсөл санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн хариулахдаа, нийгмийн даатгалын байгууллагын 2020 оны 12 дугаар сарын мэдээгээр дээрх хуульд хамрагдвал зохих иргэдийн 33 хувь буюу 9.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдаж, нийтдээ 17.7 тэрбум төгрөгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн. Эдгээр иргэдээс 6.5 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 9.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Хууль хэрэгжих нь удаашралтай байсан нь нэг талаар хуулийг таниулж сурталчлах ажлыг сайн хийгээгүй, нөгөө талаар хуулийн хугацааг сунгасан 12 сараас есөн сард нь цар тахлын хорио цээрийн дэглэмтэй байсан зэрэг нь голлож нөлөөлсөн гэж үзэж буйгаа хэлэв.


Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлан хуулийн төслийн агуулга нь зөв хэмээн сайшааж, гэхдээ 2021 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх үед энэ асуудал яригдаж, гишүүдийн дэмжлэг аваагүйг сануулав. Салбарын яамнаас тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг багцаар нь оруулж ирэх үед энэ асуудлыг шийдэх боломжтой. Мөн чуулганы хуралдааны дэгийн хуульд заасны дагуу Засгийн газрын саналыг заавал авч байж төслөө өргөн барих учиртайг хэлсэн юм.


Ингээд санал хураахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.


Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжсэн юм. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийн 10 хувийг үйлдвэрлэж байгаа мал аж ахуйн салбарт ажилладаг малчид болон цар тахлын ийм үед орлогогүй болоод байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгааг хангах шаардлагын үүднээс уг хуулийн хугацааг сунгах төсөл боловсруулсан. Өнгөрсөн хугацаанд уг хуулийн хэрэгжилт нь тааруу байсан нь коронавирусийн халдварт цар тахлын хорио цээрийн дэглэм, мөн хураамж өндөр байсан, бүрдүүлэх бичиг баримтын бүрдэл хүндрэлтэй байсан зэргээс болсон. Хэлэлцүүлгийн явцад хоёр хуулийн төслийг нэгтгээд хэлэлцэх боломжтой гэж үзэж буйгаа төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.


Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Жавхлан, Ж.Батсуурь, С.Ганбаатар нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар нар үг хэлж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.


Үргэлжлүүлэн “Ажлын баг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын 2020 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ