Бразилд 102 настай хүн коронавирусээр халдварлаад эдгэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-01-20 14:09:55

БРАЗИЛИА. /NHK/. Япон гаралтай Бразилын иргэн, өдгөө 102 настай Ёшио Нишии “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн талаар Бразилын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.


Бразилын өмнөд нутгийн Куритиба хотод амьдардаг тэрбээр өнгөрсөн сард коронавирусээр халдварласан боловч гурван долоо хоног орчмын дараа эдгэрсэн байна.


Бразилын хэвлэлүүд Ё.Нишии болон түүний гэр бүлийн мэдээлснийг иш татан уламжилснаар, Ё.Нишии өмнө нь өөр цар тахлыг даван туулж байжээ.


Тодруулбал, тэрбээр 100 орчим жилийн өмнө Японы баруун нутагт тархаж байсан Испани ханиад тусаж байжээ. Уг цар тахлын улмаас Ё.Нишиигийн олон хамаатан нас барсан боловч тэрбээр эдгэрсэн гэж гэр бүлийн гишүүд нь мэдээлсэн байна.


Өдгөө 102 настай хүн ийнхүү эдгэрснийг Бразилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “гайхамшиг” хэмээн тодорхойлж, энэхүү явдал нь бразилчуудад итгэл найдвар төрүүлж байна хэмээн бичжээ.


Мягмар гарагт “NHK” суваг Ё.Нишиитэй утсаар холбогджээ. Түүний хэлснээр, халдварт өвчнүүдийг ялан дийлсэн нь аливааг үргэлж эерэгээр бодож, аар саар зүйлсэд санаа зовдоггүйтэй нь холбоотой ажээ. 

Холбоотой мэдээ