Малчдаа дэмжих үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-01-19 21:24:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт 1 дүгээр сарын 10-ны байдлаар 43605 мал хорогдсон дүнтэй байна. Өвөлжилт хүндэрч, малчид өөрсдийн бэлтгэсэн өвс тэжээлийн нөөцөө дууссан тул улсын болон аймгийн Онцгой комиссоос малчдаа дэмжсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна.

Өнгөрсөн хугацаанд отрын малчдад нүүрс, түлшний дэмжлэг үзүүлэх ажилд орон нутгийн төсвөөс 51 сая, тэдний нийгмийн үйлчилгээнд зориулж, долоон аймгийн 22 сумын ЗДТГ-т 57.5 сая, эмийн багцад 40.2 сая төгрөгийг тус тус шийдвэрлэжээ. Мөн аймаг дотроо өвөлжиж байгаа 14431 малчин өрхөд нэг боодлыг нь 10 мянган төгрөгөөр тооцон өвс, ногоон тэжээл олгож, үнийн зөрүү болох 188 сая төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд өгсөн байна.

Мөн Дэлхийн банкны дэмжлэгээр малчин өрх бүрт 300 мянган төгрөгийн үнэ бүхий хүчит тэжээлийг олгож байгаа бол Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХАА-н байгууллагаас 10 сумын 200 малчинд дунджаар 500.0-600.0 мянган төгрөгийн тэжээл, бусад дэмжлэг ирснийг аймгийн удирдлагууд хүлээн аваад байна. 

Холбоотой мэдээ