БНЭУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад вакцин нийлүүлэх болсноо уламжлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-19 14:36:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх бараалхаж тус улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн захидлыг өнөөдөр танилцууллаа. Захидалд, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн цар тахлын вакциныг Монгол Улсад нийлүүлэхээр шийдвэрлэсэн тухай тэмдэглэжээ.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “COVID-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн. Уг захидалд БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди хариу илгээсэн нь энэ юм.



Захидалд мөн, БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл амжилттай урагшилж буйд баяртай байгаагаа онцлон илэрхийлжээ.


Талууд вакцин нийлүүлэх хүрээнд өнөөдрөөс буюу 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс 150 монгол эмчийг цахим сургалтад хамруулж эхэллээ.



Тээвэрлэх, хадгалах, вакцинжуулах ажил бэлэн болсон бөгөөд вакцины тоо хэмжээ, нийлүүлэх хуваарийг дипломат шугамаар тохиролцох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн стратегийн түнш, гуравдагч хөрш БНЭУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Холбоотой мэдээ