Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-01-19 11:00:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай", “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 25-наас эхлүүлж, санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-ний лхагва гарагт товлохоор төсөлд тусгасан байна. Мөн сонгуулийн санал хураах, тоолоход “New Image Cast” төхөөрөмжийг ашиглахаар тусгасныг байнгын хорооны гишүүд дэмжив.


Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтов. Тогтоолын төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байгаа юм.


Ташрамд дурдахад, УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулахаар УИХ өнгөрсөн сард баталсан. Тодруулбал, УИХ-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны 30 дугаар тогтоолоор УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг хүсэлтийнх нь дагуу гишүүнээс чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан УИХ нөхөн сонгууль зарлах шаардлага үүссэн юм. УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийг дангаар нь зохион байгуулахад 1 тэрбум гаруй төгрөг зарцуулна. Харин Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал дээр 100 сая төгрөгийн зардал нэмэгдэнэ хэмээн тооцоод буй юм.

Холбоотой мэдээ