Налайх дүүргийн 10 мянга гаруй иргэн PCR шинжилгээнд хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-18 16:49:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүргийн хэмжээнд 10 378 иргэн PCR, 4772 хүн түргэн оношлуураар шинжилгээнд хамрагдсан талаар тус дүүргийн Шуурхай штабын дарга Х.Анхбаяр танилцууллаа. 


Тэрээр, тус дүүргийн удирдах ажилтнуудын өнөөдрийн цахим шуурхай хуралдааны үеэр дээрх мэдээллийг танилцуулсан бөгөөд давхардсан тоогоор 500 гаруй албан хаагч COVID-19 цар тахлын хариу арга хэмжээнд өнгөрсөн нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл ажиллаж буйг тодотгов. 


Хуралдааны үеэр дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төвөөс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хэрэгжүүлж байгаа хяналт шалгалт бусад асуудлаар мэдээлэл хүргэв. Мөн дүүргийн онцгой комиссын 2020 оны ажлын тайланг танилцуулсан юм. 



Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, архидан согтуурахтай холбоотой хэрэг зөрчил нэмэгдэж байгаа тул зөвхөн цагдаа гэлтгүй бүх байгууллага хамтын уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэйг онцолж, архидан согтуурахын эсрэг тууштай арга хэмжээ авч, аян өрнүүлж ажиллахыг үүрэг болгов. Мөн архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хязгаарлах асуудлыг судалж яаралтай танилцуулахыг холбогдох албаныханд даалгав. Түүнчлэн мэргэжлийн чиг үүргийн байгууллага иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгааг онцгой анхаарч мэдээлэл сурталчилгааг тогтмол хүргэхийг уриаллаа.

Холбоотой мэдээ