Эль-Фаллужа хотын иргэд дүрвэж байх үедээ амиа алдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-06-06 09:18:34

БАГДАД. /ВВС/. Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн түшиц газар болох Эль-Фаллужа хотын иргэд дүрвэж байх үедээ амиа алдаж байна гэж Норвегийн дүрвэгсдийн асуудал хариуцсан зөвлөл мэдэгджээ.

Иргэд Ефрат мөрнийг гатлах үедээ буудуулж амиа алдаж байна гэж тус зөвлөл мэдэгдсэн байна.

Эль-Фаллужа хотын ойролцоо дүрвэгсдийн хуаран ажиллуулдаг тус зөвлөлийн мэдээлснээр, 50 мянга орчим иргэд хотод үлджээ. Иракийн Зэвсэгт хүчин өнгөрсөн сард тус хотыг босогчдоос чөлөөлөх цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

Багдад хотоос баруун зүгт 50 км зайд орших Эль-Фаллужа хотыг “Лалын улс” бүлэглэлийн босогчид 2014 онд хяналтдаа оруулжээ.

Иргэд хөргөгч, аяга тавагны шүүгээ, торх зэргийг ашиглан Ефрат мөрнийг гатлахыг оролдож байна гэж Эль-Фаллужа хотын бүс нутгийн зөвлөлийн тэргүүн Шакир аль-Эссави ярилаа.

Харин Норвегийн дүрвэгсдийн асуудал хариуцсан зөвлөлийн Ирак дахь төлөөлөгч Наср Муфлахи хэлэхдээ “хамгийн сэтгэл түгшээж байгаа асуудал бол иргэд дүрвэж байх үедээ буудуулж амиа алдаж байна. Энэ хэргийг сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлүүд үйлдэж байна” гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ