Ус зөөлрүүлэх, цэвэршүүлэх төхөөрөмжийг 27 сумын 38 худагт суурилуулжээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-01-15 11:40:03

Төв /МОНЦАМЭ/. Хүн амыг баталгаат ундны усаар хангах ажлын хүрээнд Төв аймгийн хэмжээнд 2020 оны жилийн эцсийн байдлаар 27 суманд 45 усан сан, худагт цахим төхөөрөмж суурилуулсан байна. 

Тодруулбал, Байгаль хамгаалах сангийн 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүн амыг эрүүл ахуй, стандартын шаардлагад нийцсэн усаар хангах зорилгоор аймаг, сумдын төвийн ундны усны 5 худагт ус зөөлрүүлэх,  8 сумын худагт ус түгээх цахим төхөөрөмж суурилуулж, ашиглалтад хүлээлгэн өгчээ. Мөн ус түгээх цахим төхөөрөмж нь 1 худагт иж бүрэн автомат систем (сервер, хянах самбар, карт, усны тоолуур, насос), гадна дотор талын хяналтын камер, гадна гэрэлтүүлэг, халаагч тень, цахилгааны холбох хэрэгсэл багтаж байгаа бөгөөд үйл ажиллагааг хариуцсан ажилтан алсын зайнаас худгийн гадна орчин болон усны хэрэглээг бүрэн хянаж байдаг аж.

 2017 оноос хойш тухайн худгийн засвар үйлчилгээнд 1,2 сая төгрөгийг тусгаснаар төхөөрөмжийн бүрэн ажиллагааг хангах болон барилгын засвар тохижилтын асуудлыг давхар шийдэж өгсөн байна. Түүнчлэн Баяндэлгэр, Баянхангай, Зуунмод, Лүн, Сүмбэр сумын ундны усны худагт ус зөөлрүүлэх төхөөрөмж, Өндөрширээт сум орон нутгийн хөгжлийн 9 сая төгрөгийн санхүүжилтээр ус зөөлрүүлэх төхөөрөмжийг тус тус суурилуулжээ. Ус зөөлрүүлэх, цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд 27 сумын 38 худагт тус төхөөрөмжийг суурилуулсан гэж аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ