Аймгийн Засаг дарга Д.Бауыржан бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-14 14:39:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгагдсан зорилтуудыг танилцуулах зорилгоор салбар салбарын төлөөлөлтэй уулзалт хийж, санал солилцож байна.

Энэ сарын 13-ны өдөр барилгачид болон хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч нартай уулзав.

Уулзалтын эхэнд аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг танилцууллаа. Мөн бизнес эрхлэгчдийг орон нутагт баялаг бүтээж, үйлдвэр байгуулах замаар ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллахыг уриалав.

Тэрээр хэлсэн үгэндээ, "Бид нэг нэгэндээ өрсөлдөгч биш хамтрагч байж хөгжлийн хөтлөгч хүч болох ёстой. Хөрш зэргэлдээ аймгуудыг болон дотоодын хэрэгцээг хангах Өлгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бидэнд байгаа. Статистик мэдээгээр иргэдийн банкан дахь хадгаламж 156 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ийм хөрөнгөтэй хүмүүс хамтарч 2-3 том үйлдвэр байгуулахад л хангалттай" гэв.

Уулзалтад оролцсон бизнес эрхлэгчид аймгийн Засаг даргын санаачилгыг дэмжиж, цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ