Алслагдсан хорооны иргэдээс PCR шинжилгээ шаардахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-14 12:26:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын цаана байрладаг хороодын оршин суугч болон тухайн хороонд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо.


Үүнд, Баянзүрх дүүргийн 11, 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо хамаарч байгаа бөгөөд тус хорооны иргэд иргэний зорчих хөдөлгөөнийг хянах qr.ulaanbaatar.mn системд иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж нэвтрэх юм. 


Өчигдөр Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг нар Хан-Уул дүүргийн 13,14 дүгээр хороо, “Тавантолгой”, “Өлзийт”, “Түргэн”-ий шалган нэвтрүүлэх товчоонд ажилласан. Энэ үеэр дээрх хороодын улсын бүртгэлийн ажилтан, мэдээлэл технологийн мэргэжилтнүүд болон товчоод дээр үүрэг гүйцэтгэж буй цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын алба хаагчдад дээрх системийг хэрхэн ашиглах талаарх заавар, зөвлөмжийг өглөө. 


Энэ системийг ашиглан алслагдсан хороодын иргэд хот руу нэвтрэхийг өнөөдрөөс нийслэлийн дөрвөн дүүрэгт хэрэгжүүлж эхэлжээ. Цаашдаа Багануур, Багахангай, Налайх дүүрэгт уг системийг нэвтрүүлж,  иргэдийн зорчих  хөдөлгөөнийг бүртгэж байх юм. 


“Хот руу зайлшгүй нэвтрэх шаардлагатай иргэд оршин суудаг хорооны шуурхай штабт хүсэлт гаргаж бүртгүүлснээр товчоодоор орж8 гарах эрх нээгдэнэ. Ингэхдээ өөрийн зорчдог автомашины дугаарыг бүртгүүлж QR үүсгэж болно. Заавал иргэний үнэмлэхээ уншуулахгүйгээр автомашины QR код уншуулж зорчиж болно гэсэн үг. Харин нийтийн тээврээр зорчигчид биедээ иргэний үнэмлэхээ авч явах шаардлагатай. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр ажиллаж буй цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын алба хаагчид гар утсаараа иргэдийн иргэний үнэмлэхний qr код уншуулж хянана. Иргэдийн хувийн мэдээлэл алба хаагчийн утсан дээр хадгалагдаж үлдэх боломжгүй” гэж Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр хэллээ. 

 

 

 

Холбоотой мэдээ