Нийт нутгийн 20 гаруй хувь нь зудын нэн их эрсдэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-01-13 14:47:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалт болон хиймэл дагуулын мэдээ нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийг мэдээллээ.


Зудын эрсдэлийн мэдээллээр, нийт нутгийн 20 гаруй хувьд нэн их, 60 шахам хувьд их, 15 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна.


Үүнээс Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн ихэнх, Говь-Алтайн зүүн, Төвийн баруун урд талын сумдын нутгаар зудын эрсдэл нэн их, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Төв, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Булган, Хэнтий, Өмнөговийн зарим нутгаар эрсдэл их гэсэн зэрэглэлтэй гарлаа.


Нэн их эрсдэлтэй зэрэглэлд 11 аймгийн 89 сум байна. Үүнд Ховдын Цэцэг, Мөнххайрхан, Мөст, Завханы Отгон, Цагаанчулуут, Говь-Алтайн Тонхил, Төгрөг, Цээл, Жаргалан, Есөнбулаг, Тайшир, Халиун, Дэлгэр, Бигэр, Чандмань, Цогт, Баянхонгорын Гурванбулаг, Жаргалант, Заг, Баянбулаг, Хүрээмарал, Галуут, Бууцагаан, Бөмбөгөр, Баян-Овоо, Эрдэнэцогт, Баянцагаан, Баацагаан, Баян-Өндөр, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Өвөрхангайн Хужирт, Хархорин, Бүрд, Уянга, Зүүнбаян-Улаан, Баян-Өндөр, Нарийнтээл, Хайрхандулаан, Тарагт, Баянгол, Сант, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Төгрөг, Бат-Өлзий, Дундговийн Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Өлзийт, Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан, Говь-Угтаал, Луус, Өмнөговийн Гурвантэс, Сэрвэй, Булган, Мандал-Овоо, Баяндалай, Ханхонгор, Цогт-Овоо, Номгон, Баян-Овоо, Манлай, Төвийн Өндөрширээт, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн, Лүн, Аргалант, Баян-Өнжүүл, Баянхангай, Архангайн Цахир, Хотонт, Өлзийт, Сүхбаатарын Баяндэлгэр, Онгон, Булганы Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур сум.



Харин их эрсдэлтэй зэрэглэлд 20 аймгийн 152 сум багтжээ.


Нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастайгаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хархираа Түргэний уулсаар 20 см-ээс их, Увсын Давст, Баруунтуруун, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Улаан-Уул, Архангайн Төвшрүүлэх, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Бүрд, Булганы Гурванбулаг, Сэлэнгийн Хүдэр, Ерөө /Бугант/, Төвийн Баян-Өнжүүл, Сүхбаатарын Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Халзан, Дарьгангад  10.1-20.0 см, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод, Дундговь, Өмнөговь, Дорноговийн зарим сумын нутгаар 5.1-10.0 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см, бусад нутагт 1-5 см зузаан цастай байна.


Өнгөрсөн зун гантай, гандуу байсан Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймгийн нутгаар өвс муу ургаж, га-ийн ургац бага, бэлчээрийн даац хэтэрсэн, мал тарга хүч муу дутуу авсан, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц бага, зах зээлийн үнэ өндөр, нийт нутгийн 70 гаруй хувь цастай, ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлжээ.

Холбоотой мэдээ