Саудын Араб машингүй, замгүй “ирээдүйн хот” байгуулна

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2021-01-13 15:01:36

ЭР-РИЯД. /Reuters/. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман, нэг ч автомашин, машины замгүй, хүлэмжийн хий ялгаруулдаггүй "ирээдүйн хот" байгуулахаар төлөвлөж байна. 


170 км урттай “The Line” нэртэй энэхүү хотыг 500 тэрбум ам.долларын өртөл бүхий “Neom” төслийн хүрээнд байгуулах бөгөөд барилгын ажлыг нь энэ оны эхний улиралд эхлүүлэх аж.


“Эрт үеэс хотуудыг иргэдээ хамгаалах зорилгоор барьж байлаа. Харин аж үйлдвэрийн хувьсгалын дараа хотууд хүмүүсийг бус машин, автомашин, үйлдвэрүүдийг илүүд үздэг болсон. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэйд тооцогддог хотуудад хүмүүс амьдралынхаа ихэнх мөчийг зам дээр өнгөрөөдөг. 2050 он гэхэд энэ хугацаа хоёр дахин нэмэгдэнэ. Хүлэмжийн хийн агууламж, далайн түвшин нэмэгдсэний улмаас 2050 он гэхэд тэрбум хүн шилжин суурьшихаас аргагүйд хүрнэ. Хүмүүсийн 90 хувь нь бохирдсон агаараар амьсгалдаг... Тиймээс бид энгийн хотын тухай ойлголтыг футурист үзэл баримтлал болгон өөрчлөх хэрэгтэй” гэж угсаа залгамжлах хунтайж ярьжээ.


Түүний тайлбарласнаар, “The Line” бол явган зорчигчдод ээлтэй, ирээдүйн дэвшилтэт харилцаа холбоотой, автомашин, зам гэж үгүй, байгальтай төгс хослон баригдах хот аж. Мөн бүтээн байгуулалтынх нь системийн гол “нуруу” нь зорчигчдыг  хотын нэг захаас нөгөө захад 20 минутын дотор хүргэдэг, газар доорх өндөр хурдны тээврийн хэрэгсэл байх гэнэ. “Ирээдүйн хот” мөн сургууль, эрүүл мэндийн төвүүдтэй байна.


Тус хотод 2030 онд нэг сая хүн суурьшиж, 380 мянган ажлын байр бий болох бөгөөд вант улсын Дотоодын нийт бүтээгдэхүүнд 48 тэрбум ам.доллар нэмэх төлөвтэй байна. Хотын дэд бүтцийг 100-200 тэрбум ам.доллар зарцуулан шийдэхээр төлөвлөжээ.


"Neom" нь Улаан тэнгисийн ойролцоо 26500 хавтгай дөрвөлжин км талбайд үндэстэн дамнасан шинэлэг хот байгуулах төсөл юм. 

Холбоотой мэдээ