Нөхөн сэргээлтийн дансанд 17 тэрбум төгрөг цуглажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-01-13 13:58:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нар ирэх дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байгаа. Энэ удаад БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр 2020 онд хийсэн нөхөн сэргээлт болон хийх ажлынхаа талаар мэдээлэв.


БОАЖЯ энэ жил нэлээд зоримог шийдвэр гаргаж, ХАН (хамгаална, ашиглана, нөхөн сэргээн) бодлогын хүрээнд сүүлийн 10-20 жил орхигдоод байсан нөхөн сэргээх ажилд анхаарал хандуулж, 8000 га талбайг нөхөн сэргээнэ.


Энэ талаар Ц.Батбаяр ярихдаа, “Нөхөн сэргээлт хийх газар, байршлаа тодорхойлох нэгдсэн хяналтын тооллого судалгаа хийнэ. Эхний ээлжинд 8000 га талбайд хийх газрын байршлыг тогтоосны дараа ажлаа системтэй үргэлжлүүлнэ. Улсаас нөхөн сэргээлтэд мөнгө төсөвлөөгүй учир тухайн аж ахуйн нэгжийн дэнчин барьцаанд тавьсан хөрөнгө, дүйцүүлэн хамгаалах, орон нутгийн нөхөн сэргээлтийн төсөв, аж ахуйн нэгж, сайн дурын болон гадаадын байгууллагатай хамтран нөхөн сэргээлт хийнэ. Одоогоор нөхөн сэргээлтийн дансанд 17 тэрбум төгрөг цуглаад байгаа. Нийт 1135 аж ахуйн нэгжээс мянга гаруй нь жижиг аж ахуйн нэгж буюу 10-50 сая хүртэл төгрөг байршуулдаг. Аж ахуйн нэгжийн байршуулсан мөнгөний хүрээнд нөхөн сэргээлт хийсэн үр дүнгээ нягталж байж төсөв хөрөнгийг зарцуулна” гэв.


БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, Экологийн цагдаагийн алба хамтраад өнгөрсөн оны 7-10 дугаар сард 3 үе шаттай ажил зохион байгуулж, эвдэрсэн газрын хэмжээг тодорхойлжээ.  Монгол Улсад нийт 30 мянга 790 га талбай эвдэрсний 28 мянган га нь уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой байв.


Өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгний байдлаар 1975 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 634 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ.


“Архангай аймгийн Цэнхэр суманд эвдэрсэн 40 га талбайгаас нөхөн сэргээлтийн барьцаа 84 сая төгрөгөөр 10 га талбайг нөхөн сэргээсэн. Цэнхэр сум Орхон голын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг 11 аж ахуйн нэгжийн 13 лицензийг цуцалсан. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ” гэж дэд сайд Ц.Батбаяр нэмж хэллээ.

 

 

Холбоотой мэдээ