Тал хээрийн сумдаас нүүдэллэн орж ирсэн зэрлэг амьтдад өвс, тэжээл тавьж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-13 14:43:58

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн тал хээрийн сумдаас ой бүхий сумд руу зээр болон бугын сүрэг нүүдэллэн орж ирсэн учир сумдын Засаг даргын тамгийн газраас өвс, тэжээл, хужир тавьж өгчээ.

Тодруулбал, Аргалант, Баянхангай, Лүн, Баянцогт Баянчандмань, Угтаалцайдам, Архуст, Эрдэнэ, Сэргэлэн сумын нутагт зээр болон бугын сүрэг нүүдэллэн орж ирж айлын ногооны талбайд өвөлжиж байгаа аж. Тиймээс аймгийн БОАЖГ-аас сумдын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт зэрлэг ан амьтныг суурьшлын бүс рүү оруулахгүй байх, ядарч сульдсан амьтдад өвс, хужир тавьж өгөх тухай албан тоот хүргүүлсэн байна. Үүний дагуу Эрдэнэсант сум дөрвөн байршилд 500 кг хужир, 250 кг өвс тавьсан бол Баянчандмань сум хоёр байршилд 400 кг хужир, Аргалант сум гурван байршилд 450 кг ногоон тэжээлийг тавьж өгчээ. Мөн Баян-Өнжүүл сум гурван газарт 500 кг хужир таван боодол өвс, Хойд Өнжүүл ууланд зургаан газарт 1,0 тн хужир, Бүрэн сум  30 боодол өвс 10 шуудай хужир тус тус тавьж өгчээ. Цаашид бусад сумд шат дарааллаар биотехникийн арга хэмжээ авахаар бэлтгэл ажил хангагдаж эхэлжээ. Мөн   Байгаль хамгаалагч байцаагч нар төлөвлөгөө гарган шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв





Холбоотой мэдээ