ҮЗЭГЧДИЙН ХҮЛЭЭЛТ 2021 ОНД

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-01-11 16:39:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


“Variety” сэтгүүл энэ оны хамгийн өндөр хүлээлттэй 33 киноны жагсаалтыг гаргасан билээ. Товчхон тайлбаруудтай тус жагсаалтаас сонгосон кинонуудыг илүү дэлгэрэнгүй баримттайгаар уншигчдад хүргэж байна. Эдгээр нь кинон дунд өнгөрсөн онд нээлтээ хийх байсан боловч цар тахлын нөлөөнөөс болж хойшлогдсон хэд хэдэн бүтээлүүд ч мөн багтсан болно.


1984 ОНООС ӨНӨӨДӨРТ




Энэ онд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа кинонуудын нэг нь найруулагч Дени Вильнёвын бүтээл “Dune” юм. Тус уран зөгнөлт бүтээл нь үйл явдлаас илүүтэйгээр Тимоти Шаламе, Зендая, Жейсон Момоа зэрэг уран бүтээлчид хамтран тоглосноороо үзэгчдэд ихээхэн хүлээлт үүсгээд буй юм. Мөн үүн дээр нэмээд Хавьер Бардем, Ребекка Фергюсон, Стеллан Скарсгард, Оскар Айзек нар тогложээ.


Уг киноны анхны хувилбар нь найруулагч Дэвид Линчийн бүтээснээр 1984 онд үзэгчдийн хүртээл болсон бөгөөд энэ онд нээлтээ хийж буй “Dune” нь тус бүтээлийн шинэчилсэн хувилбар юм. Киноны үйл явдал нь алс холын ирээдүйд өрнөх ба хоорондоо дайтдаг од гарагийн дундах нийгэмлэгүүдийн тухай өгүүлнэ. Тэд ирээдүйг зөгнөж, сансраар аялах чадвартай. Гэвч ингэхийн тулд “спайс” гэх нэртэй тусгай бодисыг олж авах хэрэгтэй болдог. Гагцхүү тус бодис нь Арракис буюу өөрөөр Дюна хэмээн нэрлэгддэг гараг дээрээс олдоно. Ийнхүү Дюнаг эзлэх хүсэлтэй нийгэмлэгүүдийн дунд ширүүн тэмцэл өрнөдөг. Уг бүтээл өнгөрсөн оны 12 дугаар сард нээлтээ хийх байсан ч цар тахал, хөл хорионы улмаас хойшилж энэ оны 10 дугаар сард үзэгчдэд хүрэхээр болжээ.


КИАНУ РИВЗИЙН ЭРГЭН ИРЭЛТ




Шинжлэх ухааны уран зөгнөлт “The Matrix” киноны өмнөх ангиудыг зохиолч, найруулагч Лана Вачовски дүү Лиллигийн хамтаар бичсэн билээ. “The Matrix” 1999 онд, “The Matrix Reloaded”, “The Matrix Revolutions” 2003 онд тус тус үзэгчдийн хүртээл болж, дэлхий даяар нийт 1.6 тэрбум ам.долларын ашиг орлого олсон байдаг. Хоёр жилийн өмнө “Warner Bros Pictures”-ийн дарга Тоби Эммерич “Бид Ланатай “Matrix”-ыг дахин амилуулж байгаадаа их баяртай байна. Лана бол жинхэнэ алсын хараатай, гайхалтай зохиолч, найруулагч юм” хэмээн хэлж байсан удаатай.


Үзэгдийн хүлээлтэд багтсан “The Matrix 4” кино мөн л өнгөрсөн онд нээлтээ хийх байсан ч хойшилж энэ оны сүүлчээр буюу 12 дугаар сард үзэгчдийн хүртээл болно гэдгийг зарласан юм.

Ийнхүү зохиолч, найруулагч Лана Вачовскийн тус бүтээлд алдарт жүжигчин Киану Ривз нь Неогийн дүрээр, харин түүний хамтрагч Кэрри-Энн Мосс нь Тринитийн дүрээр эргэн ирж байна.


МОРБИУС


Энэ онд бид шинэхэн цус сорогчтой уулзах болно. Учир нь найруулагч Даниэль Эспионсагийн бүтээл “Морбиус” кинонд 2016 онд Жокерийн дүрийг бүтээсэн Оскарын шагналт жүжигчин Жаред Лето тоглохоор болсон билээ. “Sony” компани өмнөх жилүүдэд “Веном” киноноос эхлэн Хүн аалзын хорон санаатнууд гарах “Sony’s Marvel Universe” нэртэй цувралууд бүтээхээр төлөвлөж байгаагаа албан ёсоор зарлаж байсныг уншигчид сайн мэдэх биз ээ.


Морбиус нь өөрийнхөө цусны өвчнийг эмчлэх явцад гаргасан алдаанаас болж улмаар цус сорогч болон хувирдаг. Тийнхүү Хүн аалзтай дайтдаг тухай комикс цувралд өгүүлдэг билээ. Гэвч кинон дээр цус сорогч болсон эмч залуу муу талын дүрүүдтэй тулалдаж буйгаар гарах юм.


Уг цус сорогч Морбиусыг зохиолч Рой Томас, зураач Гил Кейн нар 1971 онд бүтээсэн ба “Marvel Amazing Spider-Man” комик цувралын 101 дүгээр дугаарт нийтлэгдэж байв. Кино  ирэх 3 дугаар сард нээлтээ хийхээр болжээ.


ТОМ ЖЕРРИ ХОЁР




Өнгөрсөн онд Том муур, Жерри хулгана хоёр бие биеэ дөнгөж чадахаар тэмцэлдсээр буй алдарт хүүхэлдэйн кино 80 нас хүрсэн билээ. Тэгвэл тэдний тэмцэл энэ онд нээлтээ хийхээр болсон “Tom and Jerry” бүрэн хэмжээний киногоор дахин үргэлжлэх юм. Хамгийн гол нь тус бүтээлд бодит зураглал болон графикыг хослуулсан бөгөөд муур, хулгана хоёрын Нью-Йоркийн буудалд өрнөх үйл явдлыг өгүүлэх гэнэ.


Кинонд Жерри Нью-Йорк хотын тансаг буудалд нүсэр хурим болохын өмнөхөн тэнд амьдардаг Жерригээс салахыг хүссэн хурим төлөвлөгч Томыг хөлсөж буйгаар киноны үйл явдал цааш өрнөнө.


Ямартаа ч Том муур эцэст нь үргэлж ялагдал хүлээдэг боловч уг бүтээл хэрхэн төгсөхийг кино бүтээгчдээс өөр мэдэх хүн байхгүй нь лавтай. Тус кинонд Майкл Пенья, Колин Жост, Кен Жон нар дүр бүтээсэн ба энэ оны 2 дугаар сард нээлтээ хийхээр төлөвлөжээ.


ЛУУГИЙН ЭРЭЛД




Энэ онд гарах анимэйшн кинонууд дотроос “Raya and Last Dragon” бүтээлийг онцолж байна. Ирэх 3 дугаар сард нээлтээ хийх тус кино нь “Disney” компанийн бүтээл бөгөөд бүрэн хэмжээний анимэйшн юм. Харин киноны гол баатар нь Зүүн Өмнөд Ази гаралтай гэдгээрээ онцлогтой болжээ.


Үйл явдлын хувьд гэвэл мөнөөх л зохиомол ертөнцөд хүмүүс луунуудтай хамт эв найрамдалтай аж төрдөг байна. Яг л “Лууг сургасан нь” кинон дээр гардаг шиг. Гэтэл тус нутаг ер бусын аймшигт мангасууд гарч ирснээр луунууд хүмүүсийн төлөө өөрсдийгөө золиосолдог. Энэ явдал домог мэт болж 500 жил өнгөрсний хойно мангасууд дахин гарч иржээ. Ингээд хүмүүс луугийн эрэлд гарах болно.


СОНИН




Тэр болгон үлгэр, ид шид, дайн байлдаан зэрэг гарч үргэлж л эсрэг тал нь ялагддаг кино үзмээргүй санагддаг бол таны хүлээлтэнд “The French Dispatch” кино багтсан нь дамжиггүй. Найруулагч Уэс Андерсоны бүтээсэн тус кино нь “The New Yorker” сонины түүхээс сэдэвлэж хийсэн бүтээл юм.


Гол дүрүүдэд нь Элизабет Мосс, Тимоти Шаламе, Тильда Суинто, Сирша Ронан, Фрэнсис МакДорманд зэрэг “А” зэрэглэлийн одууд тоглосон тус кино 5 дугаар сард нээлтээ хийхээр болжээ.


КРУЭЛЛА ДИ ВИЛ




101 далматин киноны эсрэг талын дүр Круэлла Ди Вилийн тухай бүрэн хэмжээний кино үзэгчдийн хүлээлтэд дээгүүрт жагсаж байж. Хамгийн гол нь Круэллад Оскарын шагналт жүжигчин Эмма Стоун тогложээ. Комик зохиол, хүүхэлдэйн кинон дээр үзэшгүй муухай инээд, шулмын дүрээр бүтээгдсэн Харли, Круэлла зэрэг дүрүүд бодит зураглал бүхий кинонд үзэсгэлэнт эмэгтэйчүүд болон хувирсаар байна.

Холбоотой мэдээ