Алдархаан суманд ирвэс бүхий газарт судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-03 12:43:10

Завханы Алдархаан сумын ирвэс бүхий таван газарт камер суурилуулжээ.

Тус камеруудыг Ирвэс хамгаалах сан, АНУ-ын ирвэс судлалын төвтэй хамтран суурилуулсан бөгөөд тус газруудад ажиглалт судалгаа, мониторингийн ажлыг хийж байна. Тодруулбал Алдархаан сумын Худаг Улаан, Улаан хайрхан, Хөх ам зэрэг газарт 11 автомат камер суурилуулсан байна. Өнөөдрийн байдлаар урьдчилсан судалгаагаар Алдархаан сумд 45 тооны ирвэс бий хэмээн тооцоолжээ.

Сонирхуулахад ирвэсийн урт нь 135 см, сэрвээгээрээ 60 см, сүүлний урт нь 90 см, 45 кг хүртэл жин татдаг байна.  Ирвэсний орооны цаг нь 2-3 сард эхэлж хагас сар үргэлжилдэг бөгөөд тав, зургаан сард 2-5 гүег төрүүлж, гурван сар орчим хөхүүлдэг байна. Голдуу бүрэнхий, харанхуйд хоол тэжээлээ эрж олдог, заримдаа өдөр ангуучлах нь бий. Сэм явдалтай, нуугдмал амьтан юм хэмээн судлаачид мэдээлэв.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ