Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэх гэсэн бүгд найрамдахчуудын оролдлого бүтэлгүйтэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-07 16:54:38

ВАШИНГТОН. /DW/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэх гэсэн Конгресс дахь Бүгд Найрамдах намын төлөөлөгчдийн оролдлого бүтэлгүйтлээ. 


Нэгдүгээр сарын 7-ны пүрэв гарагт шилжих шөнө Конгрессын Сенатын танхим Пенсильвани муж улсын сонгуулийн дүнг батлахыг эсэргүүцсэн хүсэлтийг дэмжээгүй байна. Сенатын танхимын гишүүдийн 92 нь тус муж улсын санал хураалт будлиангүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн бол долоо нь эсэргүүцсэн байна.


Сенатын танхим мөн Аризона муж улсын сонгуулийн дүнг батлахыг эсэргүүцсэн хүсэлтийг хүлээж аваагүй байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон сонгуулийн дүнг батлах Конгрессын нэгдсэн хуралдааны үеэр Сенатч Тед Круз тэргүүтэй Бүгд Найрамдах намын хэд хэдэн гишүүн санал хураалтын дүн маргаантай байгаа муж улсуудын дүнг батлахыг эсэргүүцэх хүсэлт гаргасан юм.


Ардчилсан нам олонхын суудал эзэлдэг Төлөөлөгчдийн танхим ч мөн энэхүү хүсэлтийг эсэргүүцсэн байна. Америкийн парламентын хоёр танхим хоёул дэмжвэл сонгуулийн дүнг эсэргүүцэх энэхүү санаачилга амжилттай болох байв.


АНУ-ын Конгрессын хоёр танхим лхагва гарагт хамтарсан хуралдаанаараа Сонгогчдын коллегийн санал хураалтыг батлах ёстой байсан боловч Дональд Трампын дэмжигчдийн дэгдээсэн үймээн самууны улмаас тасалдсан юм. Конгрессын гишүүд орон нутгийн цагаар 20.00 цаг орчимд хуралдаанаа үргэлжлүүлж чаджээ.

Холбоотой мэдээ