Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын төлөөлөлтэй цахимаар уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд өнөөдөр Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Үндэсний зохицуулагч П.Болормаа, төслийн менежер А.Лхагвадэмбэрэл, захиргааны ажилтан Б.Баярцэцэгтэй цахимаар уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
ОУХБ-ын үндэсний зохицуулагч П.Болормаа ОУХБ-ын Монгол дахь үйл ажиллагаа, “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь”, “Зохистой хөдөлмөрийн төлөө худалдаа” төслийг товч танилцуулав.
Манай улс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр
конвенцод нэгдэн орох шаардлагатай.
Энэ конвенцыг соёрхон баталснаар хөдөлмөрийн харилцаанд тухайлбал, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг зөрчлийг шийдэхэд
ахиц гарах юм.
Талууд энэ талаар
санал нэгдэж, ОУХБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлагналтыг
сайжруулах, конвенцын хэрэглээг нэмэх, үндэсний хууль тогтоомжид нийцүүлэх
чиглэлээр хамтран ажиллана.
Мөн GSP+3 хөтөлбөр, ОУХБ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хянах, ялангуяа хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай конвенцтой холбоотой зөвлөмж буюу хурдан морь унаач хүүхдийн эрх, Ковид-19 цар тахлын үед хөндөж буй хөдөлмөрлөх эрхийн асуудал, нөлөөлөл, сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.