“COVID-19”-ийн вакцины зовуурь ба гаж нөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-01-06 14:27:09

БЕРЛИН. /DW/. COVID-19”-ийн вакцинуудыг дэлхийн олон орны эрүүл мэндийн байгууллага аюулгүй хэмээн үзэн зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд сая сая хүн ойрын хугацаанд коронавирусний вакцинжуулалтад хамрагдана.


Харин зарим хүн халдвараас урьдчилан сэргийлэхийг хүсэж байгаа боловч вакцинжуулалтаас үүдэж болзошгүй гаж нөлөөнөөс эмээж байна. Тэд хурдан хугацаанд гарган авсан вакцинууд үнэхээр аюулгүй эсэх, тэдгээрийн гаж нөлөөний талаар бүрэн судалсан эсэхэд эргэлзэж байгаа юм.


Тиймээс вакцин хийлгэсний дараа ямар зовуурь илэрвэл хэвийн болох, ямар гаж нөлөө илэрч болзошгүйг танилцуулъя.


Вакцин хийлгэсний дараа илрэх зовуурь

Вакцинжуулалтад хамрагдсаны дараа тодорхой зовуурь илрэх нь хэвийн үзэгдэл юм. Тодруулбал, вакцин тариулсан хэсэг улайж, хавдаж, хөндүүрлэж болно. Мөн вакцин хийлгэснээс хойших эхний гурван хоногт сульдах, толгой өвдөх, үе мөч өвдөх тохиолдол бий.


Эдгээр нь зовуурь нь ихэвчлэн хөнгөн илэрдэг бөгөөд хэдэн өдрийн дараа намддаг. Мөн вакцин дархлааны тогтолцоог сэргээж, халдварын эсрэг үйлчлэх эсрэг биетийг үүсгэдэг тул вакцин үйлчилж байгааг тухайн зовууриуд илтгэдэг.



Олон орны эрүүл мэндийн байгууллагуудын зөвшөөрлийг аваад буй “BioNTech/Pfizer”, “Moderna”, “AstraZeneca” болон ОХУ-ын “Sputnik V” вакцинуудыг хийлгэсний дараа ч мөн аливаа вакцинжуулалтад хамрагдсаны дараа илэрдэг зовууриуд үүссэн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.


Ховор тохиолдолд илрэх гаж нөлөө

Вакцинжуулалтын хэвийн зовууриудаас гадна зарим тохиолдолд харшлын урвал үзүүлэх гэх мэт гаж нөлөө илрэх тохиолдол бий. Гэвч эдгээр нь тусдаа тохиолдол юм.


“Зөвшөөрөл олгосон вакцинууд ерөнхийдөө аюулгүй байдаг” гэж Европын эмийн агентлаг, АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.


BioNTech/Pfizer”-ийн вакцин


Германы “BioNTech”, АНУ-ын “Pfizer” компанийн “BNT162b2” вакциныг хэрэглэхийг зөвшөөрөх үе шатанд ноцтой гаж нөлөө илрээгүй. Уг вакциныг хийлгэсний дараа сульдах, толгой өвдөх зэрэг ердийн зовуурь ахимаг настай хүмүүст харьцангуй бага илэрчээ.


Гэсэн хэдий ч уг вакцинаар тариулсны дараа цөөн хүнд харшлын хариу урвал үзүүлсэн тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, АНУ-д нэг, Их Британид хоёр хүнд анифилаксийн шокийн шинж болох арьс улайх, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна.


“Тэд суурь өвчингүй байсан бөгөөд вакцины найрлагад харшилтай байсан эсэх нь тодорхойгүй байгаа тул вакцинд харшил өгдөг, анифилаксийн шок илэрч байсан хүмүүст вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж байна” Их Британийн Эм, эмийн бүтээгдэхүүний агентлаг мэдээлжээ.


Moderna”-гийн вакцин


АНУ-ын “Moderna” компанийн “mRNA-1273” вакцин нь “BioNTech/Pfizer”-ийн вакцины адил молекулд суурилсан юм. Эмнэлзүйн туршилтад оролцогчдын биеийн байдал сайн байсан гэж уг вакциныг үйлдвэрлэсэн, туршсан мэргэжилтнүүд мэдээлжээ. Тэдэнд вакцинжуулалтын ердийн зовууриуд хөнгөн илэрсэн бөгөөд удалгүй хэвийн болжээ. Гэсэн хэдий ч “mRNA-1273” вакцин тариулсан хүмүүсийн 10 орчим хувьд сульдах зовуурь илэрсэн байна. Мөн цөөн өвчтөнд харшлын урвал, нүүрний мэдрэлийн саажилт үүсжээ. Эдгээр нь вакцины гол найрлагатай холбоотой байсан эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.


AstraZeneca”-гийн вакцин


Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн вакцины эмнэлзүйн туршилтын үеэр есдүгээр сард болсон явдал асуудал дагуулсан юм. Тухайн үед вакцин хийлгэсэн нэгэн хүнд нугасны үрэвсэл үүсжээ. Үүнтэй холбоотойгоор эмнэлзүйн туршилтыг уг өвчин вакцинжуулалттай холбоогүй байж магадгүй гэх мэргэжилтнүүдийн дүгнэлт гарах хүртэл түр хугацаагаар зогсоосон юм. Бусдаар бол тариулсан хэсэг хөндүүрлэх, булчин өвдөх, толгой өвдөх, сульдах зэрэг ердийн зовуурь илэрч байгаа ажээ.


ОХУ-ын “Sputnik V” вакцин


ОХУ 2020 оны наймдугаар сарын эхээр “Gam-COVID-Vac” буюу “Sputnik V” вакциныг эмнэлзүйн гуравдугаар үе шатыг хүлээхгүйгээр бүртгэсэн юм. Туршилтын уг үе шатанд олон арван мянган хүнийг хамруулдаг билээ. “Sputnik V”-г гарган авахдаа хоёр өөр аденовирусийг ашиглажээ.


ОХУ-ын Засгийн газар хоёрдугаар үе шатны туршилтын дараа онцгой байдлын үед хэрэглэх зөвшөөрөл олгосон тул уг вакцинтай холбоотой янз бүрийн эргэлзээтэй мэдээлэл гарчээ. Мөн зарим эрдэмтэд вакцины талаарх мэдээлэлд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.


Гэсэн хэдий ч “Sputnik V”-г ОХУ-д төдийгүй Беларус, Арабын Нэгдсэн Эмират, Энэтхэг, Бразил, Аргентин зэрэг олон оронд хэдийн хэрэглэж эхэлсэн юм. ОХУ-ын бүс нутгуудад 1.5 сая гаруй тун вакциныг нийлүүлж, 800 мянга гаруй хүнийг вакцинжуулаад байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко нэгдүгээр сарын 2-нд мэдээлжээ.


ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээллээр, уг вакциныг хийлгэсний дараа толгой өвдөх, халуурах зэрэг ердийн зовууриуд илэрч байгаа ажээ. Мөн Аргентинд 32103 хүнд вакцин хийхэд 317 хүнд ердийн зовуурь илэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. 


Харин “Sputnik V” вакцин хийлгэсний дараа ноцтой гаж нөлөө илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэсэн хэдий ч вакцинд эргэлзэх байдал ОХУ-д мөн түгээмэл байгаа юм байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Оросын 3040 эмч, эмнэлгийн ажилтны дунд “Doctor's Handbook” гар утасны хавстралаар явуулсан судалгаагаар тэдний 52 хувь нь мэдээлэл дутмаг байгаа тул “Sputnik V”-г хийлгэхгүй гэж хариулжээ. 

Холбоотой мэдээ